Гарааны бизнес, инновацын экосистемийг хөгжүүлэх, залуусын бүтээлч сэтгэлгээг дэмжих зорилготой “UB STARTUP TOWN – SPARK” гарааны бизнесийн чадавх бэхжүүлэх хөтөлбөр, идеотон уралдаан амжилттай зохион байгуулагдлаа.
Тус арга хэмжээг Нийслэлийн Бизнес, инновацын газар, БНСУ-ын Жижиг, дунд үйлдвэр, стартапын яам (MSS) болон БНСУ-ын Стартап, энтрепренер хөгжлийн хүрээлэн (KISED) хамтран зохион байгуулсан бөгөөд хоёр улсын технологи, стартапын хамтын ажиллагааг өргөжүүлэх, залуу судлаач, инженерүүдийг чадавхжуулахад чухал ач холбогдолтой үйл явдал боллоо.

Хоёр өдрийн турш үргэлжилсэн уг хөтөлбөрт шилдэг залуус, инженерүүд, гарааны бизнес эрхлэгчид олон улсын болон дотоодын менторуудын удирдлага дор төслийн санаагаа хөгжүүлэн, зах зээлд нэвтрэх боломж бүхий технологийн шинэлэг шийдлүүдээрээ өрсөлдсөн юм. Энэхүү уралдаанд Монгол Улсын Их Сургуулийг төлөөлөн “NUM Softmax” болон “Ideatech” гэсэн хоёр баг амжилттай оролцож, боловсруулсан төсөл, технологийн шийдлээ шүүгчдийн бүрэлдэхүүнд өндөр түвшинд танилцууллаа.
Шүүгчдийн нэгдсэн дүнгээр дадлагажигч багш Э.Билгүүн ахлагчтай “NUM Softmax” баг технологийн шинэлэг шийдэл, багийн нягт ажиллагаа, зах зээлд нэвтрэх өндөр боломжоороо бусдыгаа манлайлан ТЭРГҮҮН БАЙР-т шалгарч, хөтөлбөрийн ялагчаар тодорлоо.

Их сургуулийнхаа нэрийг өндөрт өргөж, олон улсын түвшний арга хэмжээнд шилдэг амжилт үзүүлсэн нийт багийн гишүүд, удирдагч нарт халуун баяр хүргэж, цаашдын судалгаа, инновац, бизнесийн их үйлсэд нь өндөр амжилт хүсье!

