ЭМГЭНЭЛ

ЛХАГВАДОРЖИЙН СОЛОНГО
(1981-2026)
Монгол Улсын Их Сургуулийн Шинжлэх Ухааны Сургуулийн Хүмүүнлэгийн ухааны салбарын Ази судлалын тэнхимийн дэд профессор, доктор (Ph.D) ЛХАГВАДОРЖИЙН СОЛОНГО хүнд өвчний улмаас таалал төгсөж, гэр бүр, төрөл төрөгсөд, Монгол Улсын дээд боловсрол, Хятад судлалын салбар, Монгол Улсын Их Сургууль, хамт олон, анд нөхөд, үе үеийн шавь нарт нь нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.
Л.Солонго нь 1981 онд Улаанбаатар хотод төрсөн. 1998 онд 49-р дунд сургууль, 2002 онд МУИС-ийн Олон Улсын Харилцааны Дээд сургуулийг хятад хэлний багш-орчуулагч мэргэжлээр төгсөж, 2004 онд МУИС-ийн Гадаад хэл, Соёлын Сургуульд хэлшинжлэлийн магистр зэрэг, 2013 онд Зүүн Хойд Хятадын Багшийн Их Сургуульд Хэл бичгийн ухааны доктор (Ph.D)–ын зэрэг хамгаалжээ. Тэрээр 2004-2013 онд МУИС-ийн Монгол хэл, Соёлын сургуулийн Гадаад хэлний тэнхимд багш, 2013 оноос өнөөг хүртэл МУИС-ийн ШУС-ийн Ази судлалын тэнхимд дэд профессороор ажиллаж байв.
Л.Солонго нь боловсрол, шинжлэх ухааны салбарт амьдралынхаа хорь гаруй жилийг зориулахдаа багшлахын зэрэгцээ эрдэм шинжилгээ, судалгааны болон сурах бичиг зохиох олон төсөлд оролцон, сургалтын хөтөлбөрийг шинэчлэн сайжруулахад идэвхийлэн оролцож ирсэн. Тэрээр МУИС-ийн “Гадаад хэл, соёл судлал” эрдэм шинжилгээний бичгийн редакцийн зөвлөлийн нарийн бичгийн дарга, Монгол Хэл, Соёлын сургуулийн Эрдмийн зөвлөлийн гишүүн, МУИС-ийн “Гадаад хэлний боловсрол” Профессорын хамтлагийн нарийн бичгийн дарга, мөн хөтөлбөрийн нарийн бичгийн дарга зэрэг хариуцлагатай албыг нэр төртэй гүйцэтгэж, Монгол Улсын Их Сургуулийн хөгжил, Монгол улс дахь хятад судлал, хятад хэлний боловсролын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан нэр хүндтэй эрдэмтэн байлаа. Түүний хөдөлмөрийг үнэлэн 2014 онд МУИС-ийн “Баярын бичиг”, 2017 онд БСШУСЯ-ны “Жуух бичиг”, 2022 онд “Боловсролын тэргүүний ажилтан” цолоор шагнажээ.
Л.Солонго нь оюутнуудад мэдлэг түгээж, эрдэм шинжилгээний ажлыг нь удирдан чиглүүлж, судалгааны сонирхлыг нь дэмжин хөгжүүлсэн, багш хүний үлгэр дуурайлал байсан билээ. Тэрээр хамт олныхоо үйл хэрэгт ямагт манлайлан оролцдог, бүтээлч сэтгэлгээтэй, хамт олондоо эерэг уур амьсгал түгээдэг, хариуцлагатай, өндөр ёс зүйтэй, хамт олныхоо дунд нэр хүндтэй, даруу төлөв зантай сурган хүмүүжүүлэгч байв.
Түүний гэгээн дүр гэр бүл, найз нөхөд, хамт олон, шавь нарынх нь сэтгэл зүрхэнд үүрд мөнхөд хадгалагдан үлдэх болно.
МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ
АЗИ СУДЛАЛЫН ТЭНХИМ

