Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн ХБНГУ-д хийж буй төрийн айлчлалын хүрээнд хоёр улсын боловсролын салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор их, дээд сургуулиуд хоорондын долоон баримт бичиг байгууллаа.
Тухайлбал, “Монгол Улсын Их Сургууль болон Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Лайпцигийн их сургууль хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-т Монгол Улсын Их Сургуулийн ректор, профессор Баянжаргалын Очирхуяг, Лайпцигийн их сургуулийн ректор, доктор, профессор Ева Инес Обергфелл нар гарын үсэг зурав.

Мөн “Монгол Улсын Их Сургууль болон Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Дрездений Техник, эдийн засгийн дээд сургууль хоорондын хамтын ажиллагааны гэрээ”-нд Монгол Улсын Их Сургуулийн ректор, профессор Баянжаргалын Очирхуяг, Дрездений Техник, эдийн засгийн дээд сургуулийн ректор, доктор, профессор Инго Гестринг нар гарын үсэг зурлаа.

Боловсролын салбарт эдгээр санамж бичгийг байгуулснаар хамтын ажиллагааны 100 жилийн түүхтэй түншлэлийг бататгах, эрдэм шинжилгээ, судалгааны чадавхыг бэхжүүлэх, багш, судлаач, оюутнуудын урт болон богино хугацааны сургалт, судалгаа, төсөл, эрдэм шинжилгээний солилцоог нэмэгдүүлэх боломж бүрдэж байгаа бөгөөд Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын их сургуулиуд Монгол Улсын дээд боловсролын салбарыг хүлээн зөвшөөрч, хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлж буй нь хоёр улсын боловсролын хамтын ажиллагааг шат ахиулсан чухал алхам болов.

