Хайж байна...

БНСУ-ын Сонгвон Их Сургуультай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

Share Button

МУИС болон БНСУ-ын Сонгвон Их Сургууль хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж, боловсрол, шинжлэх ухаан, соёлын солилцоо, хүний нөөцийн хөгжлийг дэмжих чиглэлээр хамтран ажиллах суурь тавигдлаа.

Уулзалтад МУИС-ийн талаас Судалгаа, хамтын ажиллагаа эрхэлсэн проректор Ц.Баатарчулуун, Хамтын ажиллагааны газрын дарга Ш.Мэндбаяр нар оролцов. Харин Сонгвон Их Сургуулийн талаас ерөнхий захирал Jung Dae-hoon, Олон улсын боловсролын газрын захирал Park Jang Jin, Гадаад хамтын ажиллагааны зөвлөх мэргэжилтэн Б.Удвал, Гадаад харилцааны хэлтсийн мэргэжилтэн Cho Wooki нар оролцлоо.

Гарын үсэг зурах ёслолын өмнө болсон уулзалтын үеэр талууд хоёр их сургуулийн хамтын ажиллагааг эхлүүлж буйдаа сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, дээд боловсролын чанарыг дээшлүүлэх, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, багш, судлаач, оюутнуудын хамтын ажиллагааг идэвхжүүлэх боломжийн талаар санал солилцов.

Санамж бичгийн хүрээнд хоёр байгууллага академик болон соёлын солилцоог дэмжих, багш, оюутны хамтын ажиллагааг хөгжүүлэх, хамтарсан судалгаа, эрдэм шинжилгээний үйл ажиллагааг өргөжүүлэх, олон улсын түвшний хамтарсан төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх зэрэг чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцов.

Сонгвон Их Сургууль нь БНСУ-ын Гванжу хотод байрладаг бөгөөд инженерчлэл, мэдээллийн технологи, нийгмийн шинжлэх ухаан, олон улсын боловсролын чиглэлээр сургалт, судалгааны үйл ажиллагаа явуулдаг хувийн их сургууль юм. Тус сургууль нь олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, гадаад оюутны тоог нэмэгдүүлэх чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа хэрэгжүүлж байна.

Энэхүү санамж бичиг нь МУИС-ийн олон улсын хамтын ажиллагааны хүрээг тэлэх, БНСУ-ын их сургуулиудтай тогтоосон түншлэлийг бэхжүүлэх, багш, судлаач, оюутнуудад олон улсын сургалт, судалгаа, туршлага солилцооны шинэ боломжуудыг нээхэд чухал ач холбогдолтой юм.

ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГАЗАР

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар