Монгол Улсын Их Сургууль болон АНУ-ын Western Washington University (WWU)-ийн хамтын ажиллагааны хүрээнд тус сургуулийн оюутны академик дэмжлэгийн үйлчилгээ хариуцсан төлөөлөгчид 2026 оны аравдугаар сарын 18–26-ны өдрүүдэд МУИС-д зочилж, оюутны хөгжил, академик дэмжлэг, оюутан-оюутандаа туслах үйлчилгээний чиглэлээр туршлага солилцлоо.
Айлчлалд WWU-ийн “Tutoring Center”-ийн эрхлэгч Brian Davidson, эрхлэгчийн туслах Anika Watson, “Hacherl Research & Writing Studio”-ийн эрхлэгч Gabe Gosset нар оролцов.
Айлчлалын хүрээнд зочид МУИС-ийн оюутны хөгжил, оюутанд үзүүлж буй үйлчилгээний тогтолцоо, суралцах орчин, академик дэмжлэгийн үйл ажиллагаатай танилцаж, холбогдох нэгжүүдийн төлөөлөлтэй уулзалт хийлээ. Тухайлбал, Оюутны хөгжлийн газар, Сургалт, хөтөлбөрийн чанарын баталгаажуулалтын газар, Оюутны холбоо, Шинжлэх ухаан, технологийн парк болон бүрэлдэхүүн сургуулиудын багш нарын төлөөлөлтэй уулзаж, оюутнуудын академик хэрэгцээ, суралцах үйл явцыг дэмжих үйлчилгээний талаар мэдээлэл, туршлага солилцов.


Мөн WWU-ийн туршлагад тулгуурлан оюутан-оюутандаа туслах үйлчилгээний чиглэлээр сургалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа. Энэ үеэр оюутан ажилтан болон мэргэжлийн ажилтны үүрэг, хариуцлагын ялгаа, оюутан ажилтан сонгон шалгаруулах, сургах, ажлын хуваарь боловсруулах, үйлчилгээний менежментийг сайжруулах, оюутны оролцоог нэмэгдүүлэх арга замын талаар санал солилцсон юм.

Уулзалт, хэлэлцүүлгийн үеэр МУИС-ийн оюутны үйлчилгээний хүртээмж, чанар, хүний нөөцийн хүрэлцээ, тухайлбал, нэг мэргэжилтэнд ногдох оюутны тоо, ажлын ачаалал болон үйлчилгээний зохион байгуулалтын талаар харилцан санал солилцож, тулгамдаж буй асуудал, сайжруулах боломжуудыг хэлэлцэв.

Туршлага солилцооны үр дүнд оюутны үйлчилгээг цаашид хөгжүүлэхэд байгууллагын дотоод бүтцийн нэгжүүдийн уялдаа холбоо, хамтын ажиллагааг бэхжүүлэх, мэдээлэл солилцоог нэмэгдүүлэх, оюутны идэвхтэй оролцоонд тулгуурласан үйлчилгээг хөгжүүлэх нь чухал болохыг онцоллоо.
Түүнчлэн WWU-ийн туршлагыг МУИС-ийн онцлог, оюутнуудын хэрэгцээ, нөөц боломжид нийцүүлэн нэвтрүүлэх хүрээнд оюутны клубүүдийн оролцоонд тулгуурласан оюутан-оюутандаа туслах үйлчилгээний боломжийг хэлэлцэв. Тухайлбал, шинэ оюутны дасан зохицлыг дэмжих, үе тэнгийн зөвлөгөө өгөх, харилцан суралцах, суралцах арга барил, ур чадварын талаар туршлага хуваалцах зэрэг үйлчилгээг клубүүдийн үйл ажиллагаатай уялдуулан хэрэгжүүлэх боломжтой гэж үзлээ.
Энэхүү айлчлал, туршлага солилцох үйл ажиллагаа нь МУИС-ийн оюутны хөгжил, академик дэмжлэг болон оюутан-оюутандаа туслах үйлчилгээний тогтолцоог олон улсын сайн туршлагад тулгуурлан хөгжүүлэх, цаашдын хамтын ажиллагааны чиглэл, боломжийг тодорхойлоход чухал ач холбогдолтой боллоо.

