
2026 оны 10 дугаар сарын 28-ны өдөр, МУИС-ын 1-р байрны 320 тоот танхимд, Нагояагийн протоколын хэрэгжилтийн гарын авлага, Генетик нөөц, генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэг ашигласны үр шимийн төлбөрийн тухай хуулийн төслийн үр нөлөөний судалгааны үр дүнг танилцуулах хурлыг оролцогт талуудын төлөөллийг хамруулан зохион байгуулав. Энэхүү арга хэмжээ нь БОУАӨЯ-ны захиалгаар, Даян дэлхийн байгаль орчны сан (GEF), НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр (UNEP)-ийн дэмжлэгтэй хэрэгжиж буй “Нагояагийн протоколын үндэсний анхдугаар тайланг бэлтгэхэд дэмжлэг үзүүлэх” төслийн хүрээнд зохион байгуулагдав.

Монгол Улс 2013 онд нэгдэн орсон Нагояагийн протокол нь генетик нөөц болон түүнтэй холбоотой уламжлалт мэдлэгийг ашиглах, тэдгээрийн ашиглалтаас бий болох үр шимийг шударга, эрх тэгш хуваарилах олон улсын эрх зүйн зохицуулалт юм. Манай улс уг протоколын хэрэгжилтийг хангах зорилгоор 2021 онд Генетик нөөцийн тухай хуулийг баталж, үндэсний эрх зүйн болон институцийн орчныг бүрдүүлэх чиглэлээр ажиллаж байна.
Уулзалт, хэлэлцүүлгийн хүрээнд Нагояагийн протоколын хэрэгжилтийн гарын авлага, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилт, байгууллага хоорондын уялдаа холбоо, цаашид сайжруулах шаардлагатай асуудлууд болон Генетик нөөц, генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэг ашигласны үр шимийн төлбөрийн тухай хуулийн төслийн үр нөлөөний судалгааны үр дүнг авч хэлэлцэв.
Түүнчлэн генетик нөөц, түүнтэй холбоотой уламжлалт мэдлэгийн судалгаа, ашиглалтын үйл ажиллагаанд мөрдөх зөвшөөрлийн тогтолцоо, судалгааны байгууллагуудын оролцоо, генетик нөөцийг гадаадын байгууллагатай хамтран судлах болон шилжүүлэхтэй холбоотой зохицуулалт, судалгааны үр дүнгээс бий болох ашиг шимийг хуваарилах асуудалд анхаарал хандууллаа.
Уулзалтын нэг чухал хэсэг нь Нагояагийн протоколын хэрэгжилтийг дэмжих зорилгоор боловсруулж буй гарын авлагын агуулга, хэрэглээ, ач холбогдлыг танилцуулахад чиглэсэн юм. Энэхүү гарын авлага нь генетик нөөцийн судалгаа, ашиглалттай холбоотой үндэсний болон олон улсын эрх зүйн зохицуулалт, зөвшөөрөл авах үе шат, холбогдох байгууллагуудын чиг үүрэг, ашиг шимийн хуваарилалтын зарчим, практик жишээг нэгтгэн тайлбарлаж, судлаачид, төрийн байгууллага, аж ахуйн нэгжүүдэд арга зүйн дэмжлэг үзүүлэх зорилготой.
МУИС-ийн эрдэмтэн, судлаачдын хувьд энэхүү ажил нь биологийн олон янз байдал, генетик нөөцийн судалгааны үр дүнг үндэсний бодлого, хууль эрх зүйн зохицуулалттай уялдуулах, шинжлэх ухааны судалгааг олон улсын гэрээ, конвенцын шаардлагад нийцүүлэн хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм. Ялангуяа генетик нөөц ашигласан судалгааны ил тод байдал, судлаачдын эрх, үүрэг, олон улсын хамтын ажиллагааны эрх зүйн нөхцөлийг тодорхой болгох нь Монгол Улсын шинжлэх ухаан, инновацын салбарын хөгжилд эерэг нөлөө үзүүлэх боломжтой.
Цаашид хэлэлцүүлгийн хүрээнд дэвшүүлсэн санал, зөвлөмжийг үндэсний анхдугаар тайлан, гарын авлага болон холбогдох хууль, дүрэм, журмыг боловсронгуй болгох ажилд тусган, генетик нөөцийн хамгаалалт, зохистой ашиглалт, ашиг шимийн шударга хуваарилалтын тогтолцоог бэхжүүлэхэд чиглэсэн ажлуудыг үргэлжлүүлэн хийхээр болов.

