Дэлхийн ёс зүйн өдрийг тохиолдуулан МУИС-ийн Философи, шашин судлалын тэнхимээс Монголын их, дээд сургууль болон коллежийн оюутнуудын дунд “Ёс зүйг суралцахуйн төвд авчрах нь: Бидний бүтээх соёл” сэдэвт эсээ бичлэгийн уралдааныг зарлаж дүнгээ гаргалаа. Жил бүрийн 10 дугаар сарын 3 дахь долоо хоногийн Лхагва гарагийг Дэлхийн ёс зүйн өдөр болгон тэмдэглэдэг бөгөөд энэ жил “Ёс зүйг төвдөө авчрах нь” гэсэн сэдвийн дор тэмдэглэн өнгөрүүлсэн юм.

Өнөөгийн нийгэм, улс төр, боловсрол, итгэл үнэмшлийн системд хамааралтай асуудлуудыг ёс зүйн үүднээс эргэцүүлэх, шүүмжлэлтэйгээр сэтгэх, нийгмийн хариуцлагыг нэмэгдүүлэх, мэргэжлийн үнэ цэнийг бэхжүүлэхэд зорилгоор зохион байгуулсан тус уралдаанд МУИС, ШУТИС, ДХИС, ХААИС, МУБИС, СУИС, Өндөр гэгээн Занабазарын нэрэмжит Монголын Бурханы Шашны Их Сургууль, Отгонтэнгэр Их Сургууль, Мандах Их Сургуулийн нийт 60 оюутан мэдлэг, оюунаа сорин оролцлоо.
Философийн үүднээс эргэцүүлэл хийх, хэл найруулга, бичлэгийн ур чадвараа харуулах, бүтээлч хандлага, өөрийн байр сууриа үндэслэлтэйгээр илэрхийлэх, шинэлэг санаа дэвшүүлсэн байх, дурдсан жишээ баримт, тоон мэдээлэл үнэн зөв, наанадаж таван эх сурвалжийг ашиглан, эш татсан байх зэрэг шалгуурыг үндэслэн дүгнэхэд шүүгчдийн нэгдсэн дүнгээр:
Тэргүүн байрыг МУИС-ийн оюутан О.Цэнд “Орчин үеийн ёс суртахууны философи ба бүтээлч суралцахуй” сэдвээр, дэд байрыг МУИС-ийн оюутан Э.Энхмаа “Хохирогчийг буруутгах нийгмийн хандлага: Бэлгийн хүчирхийлэл дэх ичгүүр, гэм буруугийн мэдрэмжийг ёс зүйн үүднээс шинжлэх нь” сэдвээр, гутгаар байрыг ХААИС-ийн оюутан Х.Энхмэнд “Бидний бүтээх соёл” сэдвээр, тусгай байрыг ДХИС-ийн оюутан С.Эгшиглэн, Отгонтэнгэр их сургуулийн оюутан Г.Мишээл, МУИС-ийн оюутан Г.Бүүвэй, Өндөр гэгээн Занабазарын нэрэмжит Монголын Бурханы Шашны Их Сургуулийн оюутан Ц.Амарбат, МУИС-ийн оюутан Л.Батсүрэн нар тус тус эзэллээ.

Энэ удаагийн эсээ бичлэгийн уралдааныг сургуулийн зүгээс нэг сая төгрөгөөр, “Улаанбаатарын философийн клуб”-ын хамт олон нэг сая төгрөгөөр урамшуулж хамтран ажиллалаа.

Амжилттай оролцсон нийт оюутан залуус, тэдний бүтээлч хандлагыг дэмжиж санхүүгийн дэмжлэг үзүүлсэн хамт олон, чиглүүлсэн багш нарт талархал илэрхийлж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
МУИС-ийн Философи, шашин судлалын тэнхим
Зохион байгуулагчид

