Хайж байна...

Э.Наранцэцэг орчуулагчийн болон хэлмэрчийн мэргэшлийн хоёрдугаар зэргийн гэрчилгээг нэг дор гардан авав

Share Button

МУИС-ийн  Орчуулагч, хэлмэрчийн мэргэшлийн үнэлгээний төв нь орчуулагч, хэлмэрчийн мэргэшлийн зэрэг олгох цогц ур чадварын шалгалт (Mongolia Accreditation Exam for Translators and Interpreters-MAETI)-ыг 2025 оны 2 дугаар сард анхан шатнаас нь эхлүүлсэн билээ. Тус шалгалтын энэ оны сүүлийн хагасын ээлжит шалгалтаар дунд шатны буюу хоёрдугаар зэргийн шалгалтыг авч эхлэхээр товлосон ёсоор анхан болон дунд шатны цогц ур чадварын шалгалтыг 2026 оны 9-р сарын 26-ны өдөр болон 10-р сарын 24-ний өдөр тус тус зэрэгцээ зохион байгуулав. Энэ хагас жилийн орчуулагчийн шалгалтад орос, англи, солонгос хэлний 4 орчуулагч анхан шатанд, хятад хэлний 2 орчуулагч дунд шатанд, хэлмэрчийн шалгалтад солонгос хэлний хэлмэрч анхан шатанд, хятад хэлний хэлмэрч дунд шатанд тус тус оролцлоо.

Англи, солонгос, орос хэлний 4 шалгуулагч болох Э.Одбаяр, Р.Долгорсүрэн, Б.Сансаргэрэлт, С.Энхцэцэг нар гуравдугаар зэргийн болзлыг хангасан бол дунд шатны орчуулагч, хэлмэрч мэргэшлийн шалгалтын хоёр төрөлд МУИС-ийг 2019 онд төгссөн орчуулагч, хэлмэрч Э.Наранцэцэг оролцон, мэргэшил тус бүрийн хоёрдугаар зэргийн болзлыг нэгэн зэрэг хангасан нь тус шалгалтын түүхэнд онцлууштай үйл явдал болж байна.

2026 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Орчуулагч, хэлмэрчийн мэргэшлийн үнэлгээний төвөөс мэргэшлийн зэргийн гэрчилгээ гардуулах ёслолыг зохион байгуулав. Гэрчилгээ гардуулах ёслолд МУИС-ийн ШУС-ийн Хүмүүнлэгийн ухааны салбар хариуцсан дэд захирал, дэд профессор Г.Элдэв-Очир, төвийн эрхлэгч, дэд профессор Ш.Эгшиг, Ази судлалын тэнхимийн дэд профессор П.Уянга, дэд профессор Л.Соёл, багш С.Энхчимэг нар оролцов.

Мэргэшлийн зэргийн гэрчилгээ гардуулах ёслолын үеэр МУИС-ийн ШУС-ийн Хүмүүнлэгийн ухааны салбар хариуцсан дэд захирал, дэд профессор Г.Элдэв-Очир орчуулагч, хэлмэрчийн мэргэшлийн зэрэг олгох цогц ур чадварын шалгалт (MAETI) бол орчуулагч, хэлмэрч хэмээх оюуны асар их хүчин чадал шаардсан мэргэжлийн ур чадвартнуудыг шалгаруулан, ур чадварыг нь үнэлдэг олон улсын жишиг тогтолцоо болохыг онцолж, энэ шалгалтаар зөвхөн гадаад хэл-соёлын мэдлэг төдийгүй монгол хэлний мэдлэгийг шалгаж, орчуулах хэлмэрчлэх ур чадварыг зэрэглэн тогтоох монгол орны онцлогт тохируулсан арга зүй бүхий шалгалтыг тус сургуулийн монгол ба гадаад хэлний багш нар үндэслэн, зохион байгуулж байгааг тэмдэглэлээ. МУИС-ийн зүгээс улсынхаа оюуны үнэт баялгийг шалгаруулан тогтоож, оюуны санг баяжуулж байгаа нь манай их сургуулийн нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хийж буй үйл хэрэг юм.

Орчуулагч, хэлмэрчийн зэрэг олгох мэргэшлийн цогц ур чадварын шалгалт (MAETI)-ын 2027 оны хоёрдугаар хагасын шалгалтын улиралд дээд шатны буюу нэгдүгээр зэргийн шалгалтыг авч эхэлнэ. Орчуулагч, хэлмэрчийн цогц ур чадварын шалгалтын анхан, дунд, дээд шатны сорилгуудыг шаталсан байдлаар зохион байгуулахаар төлөвлөсөн бөгөөд, шат алгасч мэргэшлийн зэрэг олгохгүй болохыг шалгалтын дүрмэнд тусгасан байдаг.

Төвийн сургалт, шалгалтын талаарх мэдээллийг sas.num.edu.mn/accti веб хуудас болон “МУИС-ийн Орчуулагч Хэлмэрчийн Мэргэшлийн Үнэлгээний Төв” нүүр номын хуудаснаас авна уу.

Орчуулагч, хэлмэрчийн мэргэшлийн зэрэг олгох цогц ур чадварын шалгалт (MAETI)-ын 2027 оны товтой танилцана уу.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар