Хайж байна...

Орхон голын сав газрын органик бохирдлын эх үүсвэрийг тогтоосон анхны судалгааны үр дүн нийтлэгдлээ

Share Button

МУИС-ийн Биологийн тэнхимийн дэд профессор Ш.Анармаа, Хүрээлэн буй орчин, ойн инженерчлэлийн тэнхимийн профессор Ц.Соёл-Эрдэнэ нарын хамтран зохиогчоор оролцож Орхон голын сав газрын органик бохирдлын эх үүсвэрийг тогтоосон судалгааны өгүүлэл Carbon Research (Springer Nature) олон улсын сэтгүүлд нийтлэгдсэн байна.

Монгол Улсын гол мөрөн, нуурын ёроолын хурдас нь байгаль орчны бохирдлын түүхийг хадгалж байдаг байгалийн архив юм. Орхон голын сав газрын хурдсанд хуримтлагдсан бохирдуулагч бодисыг судалснаар газрын тосны бүтээгдэхүүн, нүүрсний шаталт, биомасс шатаалт болон автомашины хөдөлгөөн байгаль орчинд ямар нөлөө үзүүлж ирснийг тогтоожээ.

Судалгаагаар Монгол Улсын Орхон голын сав газар болон ойролцоох Ишгэнт нуурын ёроолын хурдас дахь полициклик үнэрт нүүрсустөрөгч (PAHs) хэмээх бохирдуулагч бодисын хуримтлал, түүний эх үүсвэрийг тодорхойлсон байна. PAHs нь нүүрс, газрын тос, шатахуун, мод зэрэг органик бодисын шаталтын явцад үүсдэг, байгаль орчинд удаан хугацаанд хадгалагдах боломжтой химийн нэгдлүүд юм. Эдгээр бодис нь ус, хөрс, агаарын орчинд тархаж, экосистемд сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй. Судлаачид Орхон гол болон Ишгэнт нуураас авсан ёроолын хурдасны дээжийг шинжилж, хуримтлагдсан бохирдуулагч бодисын өөрчлөлтийг түүхэн хугацаанд нь сэргээн судалжээ.

Судалгаагаар юу тогтоосон бэ?

Судалгааны хамгийн чухал үр дүн нь Орхон голын сав газрын хурдас дахь бохирдуулагч бодисын дөрвөн үндсэн эх үүсвэрийг тоон үзүүлэлтээр тодорхойлсон явдал юм. Эдгээр үр дүнгээс харахад газрын тосны ууршилт, алдагдлаас үүсэх бохирдол хамгийн өндөр буюу 34.2 хувийг эзэлжээ. Харин нүүрсний шаталт 23.3 хувь, биомасс шатаалт 23.2 хувь, автомашины хөдөлгөөнөөс үүсэх ялгарал 19.3 хувийг тус тус эзэлсэн байна. Мөн судлаачид 1940-өөд оноос хойших бохирдлын өөрчлөлтийг судалж, эдийн засгийн хөгжил, эрчим хүчний хэрэглээ болон тээврийн салбарын өсөлттэй уялдаатай өөрчлөлтүүдийг илрүүлжээ.

Яагаад энэ судалгаа чухал вэ?

Тус судалгаа нь байгаль орчны бохирдлыг зөвхөн тухайн үеийн хэмжилтээр бус, олон арван жилийн түүхэн өөрчлөлтөөр нь шинжлэх боломжтойг харуулж байна. Түүнчлэн бохирдлын эх үүсвэрийг тодорхойлох нь байгаль хамгаалах бодлого, усны нөөцийн менежмент, үйлдвэрлэл болон эрчим хүчний салбарын зохицуулалтыг шинжлэх ухааны үндэслэлтэй боловсруулахад чухал ач холбогдолтой. Судалгааны үр дүнгээс харахад бохирдлыг бууруулахын тулд нүүрс, биомассын шаталтыг багасгах, газрын тосны бүтээгдэхүүний алдагдлыг хянах, тээврийн хэрэгслээс ялгарч буй хорт утааг бууруулах зэрэг олон чиглэлийн арга хэмжээг уялдуулан хэрэгжүүлэх шаардлагатай юм.

 

“Source discrimination of sedimentary PAHs in the Orkhon River Basin, Central Asia: a geochemical record of anthropogenic contributions” өгүүллийг бүрэн эхээр нь ЭНД дарж үзнэ үү.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар