Жил бүрийн 3 дугаар сарын 23-ны өдөр зохион байгуулагддаг “Сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдөр”-ийн хүрээнд АШУҮИС, МНI, Солонгосын үндэсний сүрьеэгийн нийгэмлэг, төлөөлөгчийн газартай хамтарсан өдөрлөг 14:00-17:00 цагийн хооронд МУИС-ийн номын сангийн 2 дугаар давхрын задгай талбайд зохион байгуулагдана.
Энэхүү өдөрлөг нь сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар оюутан залуучуудад ойлголт өгөх, сүрьеэ өвчин 100 хувь эдгэрдэг өвчин тул уг өвчний халдвар авсан тохиолдолд яаралтай авах арга хэмжээний талаар зөвлөмж өгөх, эрүүл мэндийн сурталчилгаа хийх, оюутнуудын дархлаажуулалтыг дэмжих зорилготой.
Үйл ажиллагааны хүрээнд “Бид нэг агаартай” баримтат кино үзүүлэх, флаш моб бүжгийн үзүүлбэр үзүүлэх, ханын самбарын уралдаан зохион байгуулах, “АХА” асуулт хариултын тэмцээн зохион байгуулах, витаминжуулалт хийнэ. Түүнчлэн цээжний рентген шинжилгээг явуулын рентген аппаратаар авах явуулын автобусыг гадаа талбайд байрлуулан ханиалгах зовиуртай 50 оюутныг шинжилгээнд хамруулах юм.
Оюутан залуус та бүхэн идэвхтэй оролцоно уу.
Оюутны хөгжил, үйлчилгээний газар