Германы Эрдмийн Солилцооны Албаны төлөөлөгчид тэргүүтэй зочид айлчиллаа

Share Button

2018 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Германы эрдмийн солилцооны алба (DAAD)-ны хамтын ажиллагаа, бүс нутгуудын хөтөлбөр хариуцсан албаны дарга ноён Штефан Бинефилд тэргүүтэй төлөөлөгчид МУИС-д айлчиллаа.

Германы талаас DAAD-ийн албан төлөөлөгчдөөс гадна Ааханы их сургууль, Брандэнбургийн техникийн их сургууль, Дармштатын техникийн их сургууль болон Райнваалын хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн профессорууд болон гадаад харилцааны албаны төлөөлөгчид уулзалтад оролцов. МУИС-ийн зүгээс захирал Др. Я. Төмөрбаатар, Эрдэм шинжилгээ, инноваци, гадаад харилцаа хариуцсан дэд захирал Др. Б.Очирхуяг, ХШУИС-ийн захирал Др. Н.Баатарбилэг, ГХХ-ийн дарга Ш.Мэндбаяр нар болон МУИС-ийн ГХХ-ийн мэргэжилтнүүд зочдыг хүлээн авч уулзав.

Захирал Др. Я.Төмөрбаатар зочдод МУИС-д айлчилж буйд нь талархал илэрхийлж Халлегийн их сургуультай 51 жилийн өмнө хамтын ажиллагааны гэрээ байгуулан ажиллаж байсныг дурдаад герман улс нь МУИС-ийн анхны түнш орнуудын нэг гэдгийг онцлов. МУИС нь анхны герман түнш Халлегийн их сургуультай “Эрдэм шинжилгээ, судалгаа ба  технологи дамжуулах-Технологи дамжуулах чадварыг МУИС-д төлөвшүүлэх нь” сэдэвт төслийг 2014-2017 онд DAAD-ийн “Дээд боловсролын шинэ хөтөлбөрийг дэмжих яриа хэлэлцээр” (DIES) хөтөлбөрийн хүрээнд санхүүжүүлсэн бөгөөд төслийн гол зорилго нь  МУИС –ийн дэргэд академик бус бүтцийг бий болгож, цаашид боловсронгуй болгох замаар тус сургуулийн судалгааны хүчин чадал, чадавхийг сайжруулахад туслалцаа үзүүлэх явдал байсан юм. Төслийн үр дүнд МУИС-ийн үйл ажиллагааны менежмент, чанарын менежмент, мэдээллийн менежментийг сайжруулах ажлууд хийгдсэн бөгөөд явуулсан сургалт, хэлэлцүүлэг, семинарын үеэр хоёр сургуулийн мэдлэг, мэдээллээ солилцож, асар их туршлага хуримтлуулсаныг захирал Др. Я.Төмөрбаатар тэмдэглээд төслийн амжилттай хэрэгжүүлэхэд туслалцаа үзүүлсэн Германы эрдмийн солилцооны албанд гүн талархлаа илэрхийлэв.

Тэрээр үргэлжлүүлэн 2017 оны 7 дугаар сард Берлин хотын захирагч Михаел Мюлер болон Хумболтын их сургуулийн захирал хатагтай Кунст МУИС-д айлчилж хоёр улсын болон сургууль хоорондын хамтын ажиллагааг аль салбарт хэрхэн хамтарч ажиллах талаар санал солилцсон талаар мэдээллээд энэхүү саналын хүрээнд Хумболтын их сургуультай хамтран эсийн лабораторийг байгуулж ажиллуулахад шаардлагатай мэргэжилтэн, судлаач бэлдэхэд туслалцаа хэрэгтэй байгаа тул DAAD-ын талаас эсийн лабораторид ажиллах боловсон хүчинг солилцооны санхүүжилтээр (mobility grant) дэмжих бололцоог судлах мөн эсийн лабораторийн дэд бүтцийг бэхжүүлэх хөрөнгө оруулалтыг шийдвэрлэх тал дээр хамтран ажиллах хүсэлтээ илэрхийлэв. Мөн 2018-2019 онд МУИС-д герман хэлний сургалт явуулж эхлэсний 50 жилийн ой тохиож байгаатай холбоотойгоор олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах, МУИС-ийн герман хэлний багш нарын чадварыг дээшлүүлэх, Лайпцигийн их сургуулиас болон германы нэр хүнд бүхий бусад их дээд сургуулиудаас зочин профессор урьж ажиллуулах болон  германы их дээд сургуулиудад герман хэлний чиглэлээс бусад салбаруудад суралцаж төгссөн МУИС-ийн багш, мэргэжилтнүүдийг сургалтанд хамруулах саналуудыг дэвшүүлэв.

Түүнчлэн захирал Др. Я.Төмөрбаатар Халлегийн их судалгааны эрхзүйн орчинг бүрдүүлэх, ахисан түвшний сургууль байгуулах зорилго бүхий 1-2 жилийн богино хугацааны төсөл хэрэгжүүлэх боломжийг эрэлхийлж энэ тал дээр DAAD-тай хамтран ажиллах хүсэлтэй буйгаа илэрхийлэв.

Ноён Штефан Бинефилд МУИС-ийн захирал Др. Я.Төмөрбаатарт цаг зав гарган хүлээн авч буйд талархлаа илэрхийлээд DAAD-ийн санхүүжилтээр МУИС дээр хэрэгжсэн DIES төсөл амжилттай явагдсанд сэтгэл өндөр буйгаа хэлэв. Мөн МУИС-ийн зүгээс дэвшүүлж буй саналуудын хувьд герман хэл соёлыг дэмжин ажиллах тал дээр МУИС дээр зочин багш ажиллуулах, 9 сард МУИС дээр зохион байгуулах герман хэл зааж эхлэсний 50 жилийн ойн арга хэмжээнд зохион байгуулагдах олон улсын эрдэм шинжилгээний хурлыг санхүүжүүлэх боломжийг судлана гэдгээ хэлэв. Мөн багш нарыг чадавхжуулах богино хугацааны судалгааны грантд МУИС-ийн багш нар DAAD-ийн тэтгэлэг хариуцсан албаар дамжуулж өргөдлөө мэдүүлэх боломж бий гэдгийг дурдаад мөн германд төгссөн багш, судлаачид жилд 1 удаа 200 еврогийн хэвлэмэл болон электрон ном сурах бичиг худалдан авах сайхан боломж байгааг нэмж дурдав. Ноён Штефан Бинефилд үргэлжлүүлэн МУИС нь хамтын ажиллагаатай германы их дээд сургуультай хамтран DAAD руу хамтарсан төслөө боловсруулан илгээж болно гэв.

Уулзалтын 2 тал хамтын ажиллагааны ерөнхий санал солилцсоны дараа германы их дээд сургуулийн төлөөлөгчид МУИС-ийн ХШУИС-ийн инженерчлэлийн хичээлийн хөтөлбөрийн талаар мэдээлэл авч МУИС-тай сургалт, судалгааны чиглэлээр хэрхэн хамтарч ажиллах талаар санал солилцов.

ГАДААД ХАРИЛЦААНЫ ХЭЛТЭС

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар