УЛСЫН ПРОГРАМЧЛАЛЫН XXII ОЛИМПИАД БОЛЛОО

Share Button

МУИС-ийн 70 жил, Мэдээллийн Технологийн Сургуулийн (МТС) 10 жилийн ойн хүрээнд Улсын Програмчлалын XXII олимпиад МУИС-ийн Мэдээллийн технологийн сургууль дээр энэ сарын 28-29-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа.

Уг олимпиад нь мэдээллийн технологи, програм хангамжийн чиглэлээр суралцдаг их дээд сургуулийн оюутнуудын дунд жил бүр уламжлал болгон явагддаг бөгөөд энэ удаагийн олимпиадад МУИС-ийн МТС, МКС, УБ их сургууль, ШУТИС-ийн КТМС, ЭХИС, МХТС , МУБИС, ХИС, Мандах бүртгэл сургууль, ИЗОУИС зэрэг 10 гаруй их дээд сургуулийн 100 гаруй шилдэг оюутан залуусыг хамарсан өргөн хүрээтэй болж өндөрлөсөн юм.

Оюутан залуусын бие даан програм бичих чадварыг хөгжүүлэн, авхаалж самбааг сорих, цаашилбал програм хангамжийн чиглэлээр сурах, ажиллах сонирхлыг нэмэгдүүлэн дэмжих зорилготой уг олимпиад нь энэ жил МУИС-ийн 70 жил, МТС-ийн 10 жилийн давхар ойн нэрэмжит болж шагналын сан нь өмнөх жилүүдээс нэмэгдэж 4 сая төгрөг  болсон зэргээрээ онцлог байлаа. Энэ удаагийн олимпиадыг салбартаа тэргүүлэгч “Ирээдүйн шийдлийг өнөөдрөөс… уриатай Интерактив компани Ерөнхий ивээн тэтгэгчээр хамтран ажилласан юм.

Уг олимпиадад програмчлалын олимпиад, бүтээлийн уралдаан, ажлын байрны үзэсгэлэн гэсэн гурван салбар үйл ажиллагаагаар явагдсан юм. Програмчлалын олимпиадад МУИС, ШУТИС зэрэг 10 сургуулийн 15 багийн нийт 45 оюутан оролцож хоёр өдөр 6 бодлого бодон уралдсанаас дараах оюутнууд манлайлан тэргүүллээ.

Үүнд:

  1. 1. МУИС-ийн МТС-ийн 1-р ангийн оюутан У.Наранбаяр 220 оноогоор I байр эзэлж Алтан медаль, Диплом, 1 000 000 төгрөг
  2. МУИС-ийн МКС-ийн 4-р ангийн оюутан Л.Мөнх-Очир 200 оноогоор, МУИС-ийн МКС-ийн 4-р ангийн оюутан Э.Хонгор 200 оноогоор тус тус II байр эзэлж Мөнгөн медаль, Диплом, 500 000 төгрөг
  3. МУИС-ийн МТС-ийн 4-р ангийн оюутан Б.Хуягбаатар 180 оноогоор,  МУИС-ийн МТС-ийн 1-р ангийн оюутан П.Бямбадорж 175 оноогоор, МУИС-ийн МТС-ийн 3-р ангийн оюутан Д.Өсөхбаатар 165 оноогоор III байр эзэлж Хүрэл медаль, Диплом, 300 000 төгрөгөөр тус тус шагнуулав.

Багийн нийлбэр дүнгээр Б. Доржнамжирмаа багштай МУИС-ийн МТС-ийн 1-р баг 575 оноогоор Тэргүүн байр эзэлж Шилжин явах цомын эзэд болж,  Г.Багаболд  багштай МУИС-ийн МКС-ийн 1-р баг 470 оноогоор Дэд байр эзэлж, Б. Доржнамжирмаа багштай МУИС-ийн МТС-ийн 2-р баг 425 оноогоор Гуравдугаар байрын шагнал хүртсэн юм.

Уг олимпиадын үеэр явагдсан арга хэмжээний нэг болох бүтээлийн уралдаанд Хөдөлгөөн мэдрүүр, Монскрипт, Түргэн засагч, Нягтлан бодох бүртгэлийн аудио толь зэрэг програм хангамжийн чиглэлийн нийт 42 бүтээл оролцсоноос Ивээн тэтгэгч байгууллагын нэрэмжит шагналыг 12 бүтээлд олгож мөнгөн шагналаар урамшууллаа.

“Ажлын байрны үзэсгэлэн” нь програм хангамжийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниудын ажлын байрыг мэргэжлийн оюутнуудад сурталчлах, компани болон оюутныг хооронд нь холбох гүүр болох, техник технологийн мэдээллээр хангахад чиглэгдсэн бөгөөд уг үзэсгэлэнд програм хангамжийн салбарын манлайлагч шилдэг компаниуд болох Интерактив ХХК,  MCS электроникс, Grapecity (&Most), Sodonsolution зэрэг нийт 12 албан байгууллага оролцож шилдэг бүтээлүүдэд нэрэмжит шагнал олгосноос гадна компанийхаа үйл ажиллагааг танилцууллаа.

Мөн ажлын байрны үзэсгэлэнгийн үеэр Интерактив ХХК Програм хангамж хөгжүүлэгчийн ширээн дээр тавигддаг даалгаврын хүрээнд Би хөгжүүлэгч” нэртэй уралдаан зохион байгуулж програм хангамжийн мэргэжлийн оюутнууд оролцсоноос ШУТИС-ийн КМТС-ийн оюутан Б.Баярмагнай 84 оноогоор тэргүүлж Интерактив ХХК-ийн нэрэмжит шагналын эзэн боллоо.

“Програм хангамжийн АХА” тэмцээнд нийт 50 гаран сонирхогч оюутан залуус оролцсоноос МУИС-ийн МТС-ийн оюутан А.Сүрэн тэргүүлж Интерактив ХХК-ийн мөнгөн шагналыг хүртсэн юм.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар