МУИС-ийн ректор Б.Очирхуяг болон Монголын Хүүхдийн ордны захирал Б.Цэнгэлмаа нар хүүхэд, залуучуудад шинжлэх ухаан, технологийн боловсролыг орчин үеийн арга зүйгээр олгох, тэдний авьяас, сонирхлыг эрт илрүүлэн, хөгжүүлэх, сургалт, судалгааны хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Гарын үсэг зурах үйл ажиллагаанд МУИС-ийн талаас Судалгаа, хамтын ажиллагаа эрхэлсэн проректор Ц.Баатарчулуун, МТЭС-ийн захирал Б.Ганбат, Хамтын ажиллагааны газрын мэргэжилтэн Б.Нямсүрэн нар оролцсон бол Хүүхдийн ордноос Сургалт, хөтөлбөрийн албаны дарга Б.Баяр-Эрдэнэ, Сургалтын менежер Б.Санчирмаа, хэвлэл мэдээллийн ажилтан З.Намхайжамц нар байлцав.

Хамтын ажиллагааны хүрээнд “Монголын Хүүхдийн ордон-II” буюу Хүүхдийн шинжлэх ухаан, технологийн ордны лабораториудын үйл ажиллагааг мэргэжлийн түвшинд хөгжүүлэхэд МУИС-ийн багш, судлаачид мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлж, физик, хими, биологи, мэдээллийн технологи, электроник, робот техник, автоматжуулалт, хиймэл оюун, дижитал технологи зэрэг чиглэлээр сургалт, туршилт, хэрэглээний судалгааны хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлнэ.
Түүнчлэн хүүхдийн насны онцлогт нийцсэн сургалтын хөтөлбөр, туршилтын удирдамж, гарын авлага боловсруулах, Хүүхдийн ордны багш нарыг дадлагажуулан сургах, лаборатори, тоног төхөөрөмжийн шинэчлэлд мэргэжлийн зөвлөгөө өгөхөд хамтран ажиллах ба МУИС дээр төвлөрсөн олимпиадын хороодтой хамтран суралцагчдын авьяас, сонирхлыг хөгжүүлэх, боломжийг бүрдүүлэх юм.
Энэхүү хамтын ажиллагаа нь МУИС-ийн эрдэм шинжилгээ, мэргэжлийн чадавхыг хүүхэд, залуучуудын шинжлэх ухаан, технологийн боловсролын хэрэгцээтэй уялдуулж, ирээдүйн инженер, судлаач, технологийн мэргэжилтэн болох хүүхэд, залуучуудын хөгжлийг дэмжихэд чиглэж байна.

ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГАЗАР

