МУИС-ийн Компьютер график, мультмедиа судалгааны нээлттэй лабораторийн эрхлэгч проф.А.Энхбаяр нь судлаачдын хамтаар МУИС-ийн Инновацийн төслийн үр дүнд Гарааны Дижитал Солюшнс ХХК-ийг албан ёсоор үүсгэн байгуулж, 2019 онд МУИС-тай технологийн лицензийн гэрээ байгуулсан юм.
“Гарааны Дижитал солюшнс” ХХК-ийн үүсгэн байгуулагч Проф.А.Энхбаяр тус компанийн хөгжлийн төлөвлөгөө болон гадаад, дотоод хамтын ажиллагааны хүрээнд өндөр технологи, инновацийг хөгжүүлэх олон ажил хэрэгжүүлсэн ба өнөөдөр МУИС-д анхны Виртуал лабораторийг байгуулж нээлтээ хийлээ.
Нээлтийн арга хэмжээнд МУИС-ийн Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа хариуцсан дэд захирал Ч.Лодойравсал, Номын сангийн захирал Г.Цэрэн, Инновац, технологи дамжуулах төвийн ахлах мэргэжилтэн Д.Лхагвасүрэн, “Гарааны Дижитал солюшнс” ХХК-ийн үүсгэн байгуулагч Проф.А.Энхбаяр нар оролцлоо.
Виртуал лабораторийн нээлтийн үеэр “Гарааны Дижитал солюшнс” ХХК (https://www.facebook.com/DigitalSolutionsMongolia)-ийн бүтээсэн виртуал реалити технологид суурилсан виртуал сургалтын иж бүрэн агуулга бүхий 21 хичээлийг багтаасан 6 ширхэг төхөөрөмжийг МУИС-д хүлээлгэн өглөө. Шинжлэх ухааны ололт амжилт, судлаачийн бүтээлч үйл ажиллагааны үр дүнд бий болсон энэхүү сургалтын төхөөрөмжийг МУИС-ийн оюутнууд төдийгүй ЕБС-ийн сурагчид, олон нийт бүгд нээлттэй ашиглах бүрэн боломжтой юм.
Энэхүү виртуал хичээлүүдийг Фэйсбүүк компаниас гаргасан “Oculus quest-2” төхөөрөмжийг ашиглаж байгаа ба эдгээр виртуал хичээлүүдийг үзсэнээр байгаль ертөнцийн нууцын гүнд нэвтэрч, гараг эрхэс, цаг хугацаагаар аялж, эх орныхоо байгаль, түүхийн дурсгалт газруудтай танилцах боломжтой. Түүнчлэн виртуал орчинд лабораторийн туршилт хийх, тоглонгоо суралцах, өөрийгөө бие даан хөгжүүлэх, даалгаврыг сонирхолтойгоор гүйцэтгэх гэх мэт сургалтын шинэлэг арга барилыг олон нийтэд нээлттэй танилцуулж байна.
Инновац, технологи дамжуулах төв