“Эрэл-Шийдэл” оюутны эрдэм шинжилгээний бага хурал 19 дэх жилдээ амжилттай болж өндөрлөлөө

Share Button

МУИС-ийн Социологи-Нийгмийн ажлын тэнхимээс Монголын их, дээд сургуулиудын нийгэм, хүмүүнлэгийн чиглэлээр суралцдаг оюутнуудын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Эрэл-Шийдэл” оюутны эрдэм шинжилгээний бага хурал 19 дэх жилдээ амжилттай болж өндөрлөлөө. Хамтран зохион байгуулагчаар тус тэнхимийн дэргэдэх “Залуу Социологич Клуб” болон “Залуу Нийгмийн ажилтан клуб”-үүд  ажилласан юм. 

Эхний шатны шалгаруулалтад 38 эрдэм шинжилгээний өгүүлэл ирүүлсэнээс 4 гишүүнтэй шүүгчдийн баг хянаж 15 бүтээлийг дараагийн шатанд шалгаруулсан. Хоёрдах шатны хурал нь 2022.12.01-ний өдөр МУИС-ийн төв байр Эрдмийн танхимд болж шилдэгүүдээ тодрууллаа. Тус хурлын тэргүүн байранд МУИС-ийн Сэтгэл судлалын 3-р түвшний оюутан И.Анужин, Б.Баттогоо, Н.Мандуухай нар “Сурагчдын гадаад үзэмжийн талаарх хэвшмэл ойлголт нь бусдын азжаргалыг үнэлэхэд нөлөөлөх нь”, Дэд байранд  МУИС-ийн Социологийн 2 болон 3-р түвшний оюутан М.Хонгорзул, В. Алтан-Од нар “Гэрэл зураг хүний эрхэм чанарыг хөндөх нь”, Гутгаар байранд Хүмүүнлэгийн Их Сургуулийн оюутан А.Намуун, С.Хишигжаргал нар “Z үеийн сурагчдын хэрэгцээ ба үнэт зүйлийг судалсан нь”, шагналт тусгай байранд  МУИС-ийн Хууль зүйн сургуулийн оюутан Б.Болор “Хуулиас үүдэх хүү төлөх эрх зүйн зохицуулалт түүнд тулгамдаж буй асуудал” сэдэвт илтгэлүүдээр тус тус шалгарлаа.  

Мөн Цогц хөгжлийн үндэсний төвийн “Залуу судлаачдыг дэмжих хөтөлбөр” – ийн хүрээнд нэрт социологич Х.Гүндсамбуугийн нэрэмжит судалгааны тэтгэлгийг МУИС-ийн Сэтгэл судлалын 3-р түвшний оюутан И.Анужин, Б.Баттогоо, Н.Мандуухай нар “Сурагчдын гадаад үзэмжийн талаарх хэвшмэл ойлголт нь бусдын азжаргалыг үнэлэхэд нөлөөлөх нь”, судалгаагаараа хүртсэн ба Судалгааны тэтгэлэг нь Нэрт социологич Х.Гүндсамбуугийн “Монголын нийгмийн давхраажил хөгжил хандлага ХХ зуун” ном, бие даасан судалгаа хийх судалгааны бүрэн санхүүжилт 1.000.000 төгрөг болон KINDLE PAPERWHITE GEN10 зэргээс бүрдсэн юм.  

Тус хурлын шүүгчээр МУИС-ийн ахлах багш Д.Мөнхтөр, МУИС-ийн дэд профессор, доктор Т.Бүрэнжаргал, Социологич, доктор Ч.Эрдэнэчулуун, МУИС-ийн Боловсрол, сэтгэл судлалын тэнхимийн багш Б.Золзаяа, АШУҮИС-ийн багш Г.Золжаргалан, “Цогц хөгжлийн үндэсний төв”-ийн гүйцэтгэх захирал М. Энхбадрал нар ажиллалаа.  

Материалаа ирүүлсэн, оролцсон нийт оюутнууд, шүүгчид, эрдэмтэн багш нар, дэмжин ажилласан бүх хүмүүст талархал илэрхийлье. 

Ирэх жил илүү сайн судалгааны материалтай уулзацгаая. 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар