МУИС-ийн Философийн салбар 60 жилийн түүхэн ойг тэмдэглэнэ

Share Button

Монгол Улсын Их Сургуульд философийн мэргэжилтэн бэлтгэж эхэлснээс хойш нэгэн жаран өнгөрч байна. Улс орны боловсрол, шинжлэх ухааны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан энэхүү салбар үүсэж хөгжсөний түүхэн ойг 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлнэ.

Түүхэн үндэс

1964 онд болсон Нийгмийн ухааны багш нарын улсын зөвлөгөөнөөр МУИС-д философийн анги нээх санал гарч, уг санаачилгыг тухайн оны 12 дугаар сарын 13-нд МАХН-ын Төв Хорооны Улс төрийн товчоо баталсан юм. Ингэснээр 1965-1966 оны хичээлийн жилд анхны элсэлт авч, 1970 онд анхны 26, 1971 онд удаах 24 оюутан төгсжээ.

60 жилийн хугацаанд 863 мэргэжилтэн бэлтгэв.

Философийн салбар 60 жилийн хугацаанд нийт 53 удаагийн төгсөлт зохион байгуулж, философи болон буддын гүн ухааны чиглэлээр мэргэжилтэн бэлтгэсээр ирлээ.

  • 1970–1989 онд 217 мэргэжилтэн,
  • 1994–2015 онд 378 мэргэжилтэн,
  • 2016–2025 онд 228 мэргэжилтэн төгсөж, улс орныхоо хөгжилд хувь нэмэр оруулсаар ирсэн юм.

Мөн буддын гүн ухааны хөтөлбөрийг 1994 онд анх нээснээс хойш энэ хөтөлбөрөөс 40 мэргэжилтэн бэлтгэгдсэн бөгөөд тэд төр, боловсрол, судалгаа, урлаг, шашин зэрэг олон салбарт амжилттай ажиллаж байна.

Салбарлан хөгжсөн тэнхимүүд

Философийн тэнхим нь МУИС-ийн олон шинэ салбар, тэнхим байгуулахад суурь болжээ. 1990 оноос хойш нийгмийн хэрэгцээ, зах зээлийн шаардлагатай уялдан:

  • 1991 онд Социологийн тэнхим
  • 1992 онд Ардын урлаг судлалын тэнхим
  • 1993 онд Улс төр судлалын тэнхим
  • 1998 онд Шашин судлалын тэнхим
    байгуулагдах үеэр философийн тэнхимийн багш нар голлох үүрэг гүйцэтгэсэн юм.

2013 онд МУИС-ийн бүтцийн өөрчлөлтийн дагуу Философийн тэнхим, Шашин судлалын тэнхим хоёрыг нэгтгэн Философи, шашин судлалын тэнхим болгон шинэчилсэн билээ.

Эрдэм шинжилгээ, судалгааны үйл ажиллагаа

2015 оноос хойш тэнхимийн багш, судлаачид 4 нэг сэдэвт бүтээл, 3 диссертаци, 30 гаруй судалгааны өгүүлэл, 10 хамтын бүтээл, 5 сурах бичиг туурвиж, үндэсний болон олон улсын судалгаанд идэвхтэй оролцож ирэв. Мөн Бертранд Рассэл, Людвиг Витгенштейн, Симон де Бовуар зэрэг нэрт философичдын бүтээлийг монгол хэлнээ орчуулж, философийн боловсрол, судалгааг түгээн дэлгэрүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байна.

Хамтын ажиллагаа ба олон нийтийн оролцоо

2014 оноос эхлэн жил бүр Дэлхийн философийн өдрийг тохиолдуулан ёс зүйн эрдэм шинжилгээний улсын хурал, оюутны философийн олимпиад, эсээ бичлэгийн уралдаан зэрэг арга хэмжээг тогтмол зохион байгуулж байгаа төдийгүй 2005 оноос хойш 16 удаа философийн олимпиад амжилттай зохион байгуулсан нь тус салбарын сургалт, судалгааг хөгжүүлэхэд чухал хувь нэмэр болж байна.

Ойн баярын хурал

Философийн салбарын 60 жилийн ойн хуралд үе үеийн төгсөгч, багш, судлаачид оролцож, философийн боловсролын ач холбогдол, хөгжлийн чиг хандлагын талаар санал солилцон, туршлага, дурсамжаа хуваалцана. Ойн баярын хурал нь хийж бүтээсэн ололт амжилтыг дүгнэхийн зэрэгцээ үе дамжин ирсэн философийн уламжлалыг хадгалж, цаашид хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой үйл явдал болно.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар