БНЧУ-ын Сенатын танхимын төлөөлөгчид айлчиллаа

Share Button

Бүгд Найрамдах Чех Улсын парламентын Сенатын танхимын дэд дарга хатагтай Йитка Сейтлова тэргүүтэй төлөөлөгчид 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдөр МУИС-д зочиллоо.

Хатагтай Йитка Сейтлова МУИС-д хүрэлцэн ирсэндээ баяртай буйгаа илэрхийлээд энэхүү уулзалт нь Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Чех Улсад хийсэн айлчлалын дараа явагдаж байгаагаараа онцлог гэдгийг дурдаад төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд бүс нутгийн хөгжил, хөдөө аж ахуй, нийтийн болон орон нутгийн удирдлагын асуудал эрхэлсэн гишүүд байгаа талаар танилцуулга хийлээ.

БНЧУ-аас Монгол улсад суугаа элчин сайд эрхэмсэг ноён Ян Вытопил хоёр улсын хооронд олон жилийн найрсаг хамтын ажиллагаа тэр дундаа боловсрол, шинжлэх ухааны салбарын түншлэл эрчимтэй хөгжиж ирснийг онцлоод Чех улс  өнөөгийн байдлаар Монгол улсын 15 мянган иргэд сурч, ажиллаж амьдарч байгаа талаар мэдээлэл өгөв.

Сургалт, оюутны хөгжил эрхэлсэн проректор Д.Заяабаатар хүрэлцэн ирсэн өндөр хэмжээний зочдод талархлаа илэрхийлээд МУИС дээр явагдаж буй чех хэлний сургалтын талаар болон чехийн их дээд сургуулиудтай хэрэгжүүлж буй хамтын ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. МУИС нь 1992 оноос эхлэн улсдаа анх удаа чех хэлний сургалт явуулж ирсэн бөгөөд өнөөгийн байдлаар Ерөнхийлөгчийн илгээлт 2100 санаачилгын хүрээнд чех улсад суралцах оюутнуудын хэлний хичээлийг МУИС дээр түшиглэн мэргэжилтэн багш И. Петрусова, ЕСТ-ийн дэд проф. Д. Энхжаргал нар зааж буйг дурдлаа. Проректор Д.Заяабаатар үргэлжлүүлэн цаашид МУИС-д  чех хэлийг сонгон суралцах оюутны тоог тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжүүлэх замаар нэмэгдүүлэх сонирхолтой буйгаа илэрхийллээ. Түүнчлэн Карлын их сургууль, Мазарикийн их сургуулиудтай монгол судлалын чиглэлээр олон жилийн турш идэвхтэй хамтран ажиллаж буйг онцлоод иж бүрэн сургалт, судалгаа явуулдаг их сургуулийн хувьд МУИС нь цаашид чехийн их дээд сургуулиудтай ирээдүйд олон талт хамтын ажиллагааг эрчим хүч, цөмийн энерги, сэргээгдэх эрчим хүч, геологи, мэдээллийн технологи, инженерчлэлийн  шинэ талбаруудад хамтын ажиллагааг баяжуулан ажиллах бүрэн боломжтойг хэллээ.

Хатагтай Йитка Сейтлова чех улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлаас шалтгаалан оюутнуудад зориулсан тэтгэлэгт хөтөлбөрийг нэмэгдүүлэхэд бэрхшээлтэй талаар яриад хоёр улсын хоорондын монгол судлалын хамтын ажиллагаа өвөрмөц, сонирхолтой замаар хөгжиж ирснийг онцоллоо. Хоёр улсын хооронд сургалт, судалгааны олон чиглэлээр хамтын ажиллагаа өргөжүүлэх боломж бийг талархан сайшаалаа.

Уулзалтын үеэр Ерөнхийлөгчийн илгээлт 2100 санаачилгын хүрээнд чех хэлний бэлтгэлд суралцаж буй оюутнууд зочидтой цаашид суралцах чиглэлийн талаар болон чех соёлын талаар ярилцан асуулт асууж сонирхолтой яриа өрнүүллээ.

Энэхүү ярианы үеэр сенатын танхимын гишүүд чех хэл судалж буй оюутнуудыг БНЧУ-д ирж суралцах үеэр сенатын танхимд ирж танилцахыг албан ёсоор урьлаа.

Уулзалтад МУИС-ийн зүгээс Сургалт, оюутны хөгжил эрхэлсэн проректор Д.Заяабаатар, ШУС-ийн ХУС-ын захирал Г.Элдэв-Очир, ШУС-ийн Европ судлалын тэнхимийн эрхлэгч Н.Мөнх, Европ судлалын тэнхимийн дэд профессор Д.Энхжаргал болон ХАГ-ын дарга Ш.Мэндбаяр нар оролцлоо.

МУИС-ийн чех судлалын салбар

Монгол Улс хуучин Чехословак, өнөөгийн БНЧУ-тай 1950 оны 4-р сарын 25-нд дипломат харилцаа тогтоосон. 1992 оноос эхлэн МУИС-д чех хэлийг албан ёсоор судалж эхэлсэн бөгөөд тэр цагаас хойш 10 удаа төгсөлт хийж 89  мэргэжилтэн бэлтгэжээ. 2010-2014 оны хичээлийн жилд 10 оюутан суралцаж төгссөн байна. МУИС-ийн ОУХДС нь 2003 оныг хүртэлх хугацаанд чех судлаачдыг “Гадаад албаны ажилтан” мэргэжлээр төгсгөж байв. 2003 оноос эхлэн ГХСС-д чех орон судлаачдыг бэлтгэж эхэлсэн байна.

Эхний үед Монгол Улсад ажиллаж байсан Чехийн монгол судлаачид, Чехийн Элчин Сайдын Яамны ажилтнууд, Чех болон Словакт сургууль, курс төгсөгчдийн холбоо зэрэг байгууллага, хувь хүмүүс монгол оюутнуудад ном сурах бичиг, техник хэрэгслээр тусалж, өөрсдөө ирж хичээл заан, Чехийн соёлын төвийг бий болгожээ. Монгол Улсад БНЧУ-аас 1993 оны үед сууж байсан БНЧУ-ын Элчин Сайдын Яамны консул Зденек Окунек монгол улсад чех судлалыг хөгжүүлэхэд дээд зэргээр анхаарч байжээ. Тухайлбал, Зденек Окунек Д-р Франтишек Хонзактай хамтран монгол оюутнуудад зориулж “Чехийн түүхийн сурвалж бичиг” (УБ, 1997) номыг хэвлүүлсэн нь өнөө хэр нь чех судлалын оюутнуудын хичээлийн нэг хэрэглэгдэхүүн юм.

2006-2007 оны хичээлийн жилд элчин сайд Ийржи Неквасилын дэмжлэгээр Монгол Улсын Их сургууль дээр хэрэгжүүлсэн БНЧУ-ын “Czech development cooperation” төслийн хүрээнд чех судлалын төвийг шинэчлэн байгуулж, ном сурах бичиг, гарын авлага, хичээлийн материаллаг баазыг сайжруулж, БНЧУ-аас мэргэжилтэн багш урьж ажиллуулж байв.

2000-2003 онд БНЧУ-аас Монгол Улсад суугаа Элчин Сайдын Яамны ажилтан Яна Пинёсова, 2004-2005 онд БНЧУ-ын ЭСЯ-ны консул Олдржих Соммер, 2005-2007 онд Марек Хавличек нар чех хэлний ангийн оюутнуудад хичээл зааж байсан бөгөөд 2007-2008, 2008-2009 оны хичээлийн жилд Людмила Войткова мэргэжилтэн багшаар ажиллаж байв. 2007 онд БНЧУ-аас Монгол Улсад суугаа элчин сайдын яамны консул Олдржих Соммерт Монгол Улсын их сургуулийн Гадаад хэл соёлын сургуулийн “Хүндэт доктор” цол олгожээ. Мөн онд Монгол Улсад Европарламентын гишүүд, БНЧУ-ын анхны сансрын нисгэгч Ремек нар Монгол Улсын Их сургуульд айлчилж, чех судлалын ангийн оюутнуудтай уулзалт хийсэн байна.

2006-2007 онд Марек Хавличек, 2007-2009 онд Людмила Войткова, 2011-2012, 2012-2013 онд Клара Кочкова нар мэргэжилтэн багшаар ажилласан. 2023-2024, 2024-2025, 2025-2026 оны хичээлийн жилд магистр, ахлах багш Ивона Петрусова мэргэжилтэн багшаар ажиллаж байна.

МУИС-ийн Чех судлалын салбарт ажиллаж байсан монгол багш нар нь Чехословакт чех хэл уран зохиолоор мэргэшсэн анхны төгсөгчдийн нэг нэрт орчуулагч Д. Алтангэрэл (2000-2001), тус тэнхимийн 1999 оны төгсөгч магистр Г. Буянхишиг (2000), Словакт сургууль төгссөн магистр багш Ч. Доржбат (1995-2006), онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд П. Нямаа (2004-2006) нар бөгөөд 2006 оноос 2003 оны төгсөгч, хэл бичгийн ухааны доктор Д. Энхжаргал чех хэлний хичээлийг зааж байна.

Монгол Улс, БНЧУ-ын засгийн газар хооронд Боловсролын салбарт хамтран ажиллах гэрээний дагуу жил бүр БНЧУ-ын Карлын Их сургуулийн Слав судлалын зуны сургуульд 3 оюутан оролцдог бөгөөд энэ нь уламжлал болоод байна. Тухайлбал, 2007 онд 3 оюутан, 2008 онд 2 оюутан, 1 багш, 2009 онд 2 оюутан, 2011 онд 2 оюутан, 1 багш, 2012 онд тус тус 3 оюутан оролцсон бол 2009 онд нэг оюутан өвлийн семестрт тэтгэлгээр БНЧУ-ын КИС-д суралцсан байна. 2016 онд 2 төгсөгч зуны сургуульд оролцжээ.

1992 оноос хойш үе үеийн тэнхимийн эрхлэгч нар, д-р, проф, Ш. Туяа, д-р, проф Н. Нансалмаа, д-р, проф. Б. Алтангүл, д-р, дэд проф. С. Булгантамир, д-р, дэд проф. Н.Мөнх  нар чех судлалд анхаарч иржээ. Тэнхимийн эрхлэгч нар чех судлалын хөтөлбөрийг Европын хэлний стандартын дагуу боловсруулах, чех орон судлалын үндсэн болон хавсарга хөтөлбөр, ерөнхий суурийн чех хэлний хөтөлбөрийг батлуулахад ихээхэн дэмжиж, идэвх санаачилгатай ажилласан.

Чех судлалын төгсөгчид

Төгсөгчид улс орныхоо өнцөг булан бүрт амжилттай ажиллаж, Монгол Улсынхаа хөгжил цэцэглэлтэд өөрсдийн хувь нэмрийг оруулж явна. 1999 оны төгсөгч МУИС-ийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн багш, доктор С. Энхцэцэг, 1999 оны төгсөгч магистр Г. Буянхишиг, 2001 оны төгсөгч Завхан-Чандмань-Эрдэнэ цогцолбор сургуулийн багш магистр М. Ундармаа, 2003 оны төгсөгч, олон улсын харилцааны магистр, НИТХ-ын Ардчилсан намын ажилтан М. Уранчимэг, МУИС-ийн багш, доктор Д. Энхжаргал, Оюу толгой ХХК-д сургалтын менежер Т. Болормаа, багш, аялал жуулчлалын менежер Ж. Хандсүрэн, 2010 оны төгсөгчдөөс Нийгмийн Хамгаалал, Хөдөлмөрийн Яаманд ажиллаж буй Ч. Болдбаатар, “Erdenes Gem” ХХК-ийн захирал Г. Гантуяа, чех хэлний багш Ц. Анхтуяа нарыг нэрлэж болно. 2014 оны төгсөгчдөөс Г. Ариунзаяа Сэлэнгэ аймгийн Цагаачлалын албанд,

Б. Батчимэг Гаалийн ерөнхий газарт мэргэжилтэн, О. Үүрийнтуяа БНЧУ-ын ЭСЯ-нд ажилтан, Г. Энхсаруул Алтай Констракшнд, Г.Энхбат Оюутолгойд, Г. Наранмандах, Б. Пүрэвсүрэн нар хувийн хэвшилд, Ч. Цолмонзаяа ОБГ-ын шуурхай удирдлагын төвд, Г. Мөнх-Өлзий Төрийн банкинд гэх мэтээр олон салбарт амжилттай ажиллаж байна. МУИС-ийн чех судлалын салбарыг төгсөөд БНЧУ төдийгүй өөр улс оронд үргэлжлүүлэн суралцсан төгсөгч олон бий. Тухайлбал, 1999 онд МУИС ийн ОУХДС-ийн чех судлалын салбарыг төгсөөд, АНУ-д Режентийн Их сургуулийн Робертсоны нэрэмжит Төрийн удирдлагын сургуульд магистрын зэрэг хамгаалсан Г. Жавхлантөгс, 2003 оны төгсөгч, БНЧУ-ын Плзень хотод ажилладаг эрхзүйч, орчуулагч, магистр С. Болороо, 2002-2004 онд МУИС ийн ГХСС-д чех судлалаар суралцаж, БНЧУ-ын ХААИС-д магистрын зэрэг хамгаалсан Г. Норовсамбуу зэрэг олон төгсөгчийг нэрлэж болно. 2010 оны төгсөгч Г. Билгүүнтөгс Австралид төрийн удирдлагын чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан. 2014 оны төгсөгч Ю. Түвшинбаяр БНЧУ-ын Карлын Их сургуульд геологич мэргэжлээр суралцан төгсөж, магистрын хөтөлбөрт суралцжээ.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар