Европын Холбооны санхүүжилттэй LEGO TNE төслийн хүрээнд Италийн Катаниагийн их сургуулийн (University of Catania) Дэд профессор Четтина Сантагати Монгол Улсын Их Сургуульд зочилж, сургалт болон хамтын ажиллагааны уулзалтууд хийлээ.
Профессор Четтина Сантагатийг МУИС-ийн Мэдээллийн Технологи, Электроникийн Сургуулийн захирал Б. Ганбат хүлээн авч уулзав. Уулзалтад тус сургуулийн дэд профессор С. Отгонцэцэг, дэд профессор Г. Амарсанаа нар оролцож, Катаниагийн их сургуультай компьютерийн шинжлэх ухаан, электроникийн инженерчлэл зэрэг чиглэлээр хамтран ажиллах, хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх болон давхар зэргийн (double degree) хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийн талаар санал солилцов.
Мөн профессор Четтинаг МУИС-ийн Хамтын ажиллагааны газрын дарга Ш. Мэндбаяр хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр профессор Сантагати LEGO TNE төслийн зорилго, хүрэх үр дүнг танилцуулж, төслийн хүрээнд хэрэгжих багш, оюутан солилцооны хөтөлбөрийн талаар мэдээлэл өгч, цаашид энэхүү үйл ажиллагааг дэмжин хамтран ажиллах хүсэлтээ илэрхийлэв.
Түүнчлэн профессор Сантагатийн МУИС-д байх хугацаанд LEGO TNE төслийн хамтрагч их сургуулиудын төлөөлөл, Катаниагийн их сургуулийн гадаад харилцааны албаны холбогдох мэргэжилтнүүдтэй уулзалт зохион байгуулж, Италийн талаас төслийн танилцуулга хийж, багш, оюутны солилцооны хөтөлбөртэй холбоотой асуултад хариулт өглөө.
Мөн профессор Четтина Сантагати МУИС-ийн оюутнуудад зориулан “Соёлын өвийн 3D дижиталчлалын үндэс” болон “Соёлын өвийг баримтжуулах фотограмметрийн практик аргачлал” сэдвээр лекц уншиж, соёлын болон архитектурын өвийн хадгалалт, хамгаалалтад дижитал технологийг ашиглах шинэлэг арга зүйг танилцууллаа. Тэрээр оюутнуудад зургийн аппарат ашиглан 3D загвар үүсгэх фотограмметрийн үйл явцыг үзүүлж, практик туршлага хуваалцсан юм.