“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын Хүний хөгжлийн зорилгын 2.1 дүгээр зорилт, МУИС-ийг 2025-2030 онд хөгжүүлэх Стратеги төлөвлөгөөний зорилтыг хангахад чиглэсэн насан туршийн суралцахуйг дэмжсэн сургалтын тоо, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгын хүрээнд Монгол Улсын Их Сургууль, Онцгой байдлын ерөнхий газар хооронд хамтын ажиллагааны гэрээ байгууллаа. Гэрээнд МУИС-ийн ректор Б.Очирхуяг, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян нар гарын үсэг зурлаа.
Хамтын ажиллагааны хүрээнд Онцгой байдлын байгууллагын 60 алба хаагчийг монгол бичиг, англи хэлний зэргийн бус сургалтад гурван сарын хугацаатай хамруулна.
МУИС-ийн Сургалт, хөтөлбөр, чанарын баталгаажуулалтын газраас холбогдох тэнхимүүдтэй хамтран төрийн болон төрийн бус байгууллагын ажилтан, албан хаагчдад зориулсан багц хөтөлбөрөөр зэргийн бус сургалтыг зохион байгуулах ажлыг эхлүүлэн, амжилттай зохион байгуулж байгаа бөгөөд цаашид зэргийн бус сургалтын багц хөтөлбөрийг тэнхимүүдтэй хамтран боловсруулж, хамрах цар хүрээг өргөжүүлэх хүрээнд бодлогын дэмжлэг үзүүлэн ажиллана.