Өнөөдөр /2025.04.23/ МУИС-ийн Ректор, профессор Б.Очирхуяг, Олон Улсын Хүүхдийн Найрамдал цогцолборын Ерөнхий захирал Б.Отгонбат, МУИС-ийн Судалгаа, хамтын ажиллагаа эрхэлсэн проректор С.Гомбобаатар, Олон Улсын Хүүхдийн Найрамдал цогцолборын Хүүхэд хөгжлийн хэлтсийн дарга бөгөөд Ерөнхий менежер Д.Оюундэлгэр нар хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.
Талууд хүүхэд, залуу үеийг үндэсний ёс заншлаас суралцуулах, хүүхдийн эрхэд суурилсан хөгжлийг дэмжих, чанартай хүртээмжтэй үйлчилгээг үзүүлэх зорилгын хүрээнд багш, суралцагч, амрагч хүүхдүүдэд зориулсан сургалт, хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх юм.
Түүнчлэн Олон Улсын Хүүхдийн Найрамдал цогцолборын уламжлалт болон шинээр нэвтрүүлэх STEAM хөгжлийн хөтөлбөрийн агуулга, арга зүйг тодорхойлоход мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх, одон орон, байгаль шинжлэл, экологи, Монгол зан заншил, орон судлал, шинжлэх ухаан, танин мэдэхүй, мэдээлэл зүй-робокон, гадаад хэлний зуны сургалтыг хамтран зохион байгуулна.
Хүүхэд, залуучуудыг байгаль дэлхий, хүрээлэн буй орчинд ээлтэй иргэн болгон төлөвшүүлэх хөгжлийн хөтөлбөрүүдийг боловсруулан хэрэгжүүлэх, шинжлэх ухаанд дуртай болгох дадлагад суурилсан төрөл бүрийн сургалтуудыг шинэчлэх, шинээр бий болгох, хүний нөөцийг чадавхжуулах зэргээр хамтын ажиллагааг өргөжүүлэн ажиллахаар тус гэрээг байгууллаа.