2025 оны 6 дугаар сарын 14,15-ны өдөр “Хэлмэрчийн анхан шатны цогц чадварын туршилт шалгалт” авахаар тов гарлаа. Туршилт шалгалтаар хэлмэрчийн ур чадвар анхан шатны түвшинд хүрсэн нь тогтоогдвол гуравдугаар зэргийг батламжилсан гэрчилгээ олгоно.
Хэлмэрчийн зэрэг олгох шалгалт нь тодорхой аргачлалын дагуу зохиогдсон бөгөөд эх хэл ба гадаад хэлний мэдлэг, гадаад хэл-эх хэл, эх хэл-гадаад хэлний хэлмэрчлэх ур чадварыг шалгах хэлмэрчийн ур чадварын цогц шалгалт юм.
Шалгалтад дараах холбоосоор бүртгүүлээрэй. https://forms.gle/KN9aSqzfcigQSh6u9
2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулсан Монголын Орчуулагчдын Анхдугаар Чуулганы урьдчилсан хэлэлцүүлгээр гарсан нийт саналын 29%-ын санал бол орчуулагч, хэлмэрч мэргэжилтний ур чадварыг үнэлэх нь зайлшгүй болох тухай байсан бөгөөд МУИС-ийн Орчуулагч, хэлмэрчийн мэргэшлийн үнэлгээний төв 2021 оноос манай орны орчуулагч, хэлмэрч мэргэжилтний чадамжийн судалгааг хийж, зэрэг тогтоох сорилгын аргазүй, аргачлалыг боловсруулан, энэ 2025 оноос орчуулагч, хэлмэрчийн 3-р зэргийн туршилт шалгалтыг эхлүүлж, энэ оны эхэнд Бичгийн орчуулагчийн цогц чадварын анхан шатны туршилт шалгалтыг зохион байгуулж, 22 орчуулагч мэргэшлийн зэргийн гэрчилгээ аваад байна.
2025 оны орчуулагч, хэлмэрчийн зэрэг тогтоох (MAЕTI) шалгалтын хуваарийг толилуулж байна. Орчуулагч, хэлмэрчийн зэрэг тогтоох шалгалтыг анхан шат (гуравдугаар зэрэг), дунд шат (хоёрдугаар зэрэг), дээд шат (нэгдүгээр зэрэг) гэсэн дэс дарааллаар зохион байгуулахаар төлөвлөсөн бөгөөд шалгуулагч шат дараалалтай шалгуулж, цогц ур чадвараа үнэлүүлэн, зэргээ ахиулах олон улсын жишгийн дагуу орчуулагч, хэлмэрчийн орчуулах ба хэлмэрчлэх цогц ур чадварыг үнэлэхээр боловсруулжээ.