Хайж байна...

МУИС-ийн докторант Ази-Номхон далайн бүсийн «Миний докторын судалгаа 180 хоромд» тэмцээнд хоёрдугаар байр эзэллээ

Share Button

Франц хэлээр эрдэм шинжилгээний судалгаагаа олон нийтэд ойлгомжтой, сонирхолтой байдлаар гурван минутын хугацаанд танилцуулах зорилготой «Миний докторын судалгаа 180 хоромд» тэмцээний Ази-Номхон далайн бүсийн финал 2026 оны 10 дугаар сарын 21-нд цахим хэлбэрээр зохион байгуулагдлаа.

Энэ удаагийн бүсийн сүүлчийн шатанд БНХАУ, БНСУ, Энэтхэг, Япон, Монгол, Сингапур, Вьетнамын Их, Дээд сургуулиудыг төлөөлсөн нийт 12 докторант болон залуу судлаач оролцож, судалгааны ажлаа франц хэлээр танилцуулав. Тэмцээнийг Олон улсын франкофони их сургуулийн холбоо (АЮФ)-ны Ази-Номхон далайн бүсийн газар зохион байгуулсан юм.

Тэмцээний шүүгчдийн шийдвэрээр Ханойн Анагаах ухааны их сургуулийн судлаач Тран Кинг Ван тэргүүн байр, Монгол Улсын Их Сургуулийн докторант Цэцэгбаяр Баярмагнай хоёрдугаар байр, мөн Ханойн Анагаах ухааны их сургуулийн судлаач Вүй Ти Хуанг гуравдугаар байр эзэллээ.

Баярмагнайн Цэцэгбаяр МУИС-ийн ШУС-ийн ХУС-ын Европ судлалын тэнхимийн Франц орон судлалын хөтөлбөрөөр суралцдаг докторант бөгөөд  дэлхий нийт дэх Франкофонийн хамтын ажиллагаа Ази-Номхон далайн бүсэд бий болж буй чиг хандлага, хөгжлийн хэтийн төлөвийн талаар хийж буй докторын судалгаагаа франц хэлээр танилцуулсан байна. Түүний удирдагч багш нь МУИС-ийн Европ судлалын тэнхимийн профессор Б. Алтангүл болно. Судлаач франц хэлийг улс орнуудын хоорондын хил хязгаарыг даван туулах гүүр хэмээн зүйрлэн, франц хэлтний уламжлал харьцангуй бага хөгжсөн Монгол Улс бүс нутгийн франкофонийн хамтын ажиллагаанд хэрхэн оролцож буйг онцолжээ.

Монголын залуу судлаач бүсийн хэмжээний энэхүү тэмцээнд амжилттай оролцож, хоёрдугаар байр эзэлсэн нь франц хэлээр шинжлэх ухаан, судалгааны үр дүнг олон улсад түгээн дэлгэрүүлэх, Монголын судлаачдын оролцоог нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой үйл явдал боллоо.

Шинжлэх ухааныг гурван минутад ойлгомжтой хүргэх сорилт

« Миний докторын судалгаа 180 хоромд » тэмцээний гол зорилго нь судлаачдад докторын судалгааныхаа гол санаа, үр дүн, ач холбогдлыг мэргэжлийн бус үзэгчдэд ойлгомжтой, товч бөгөөд сонирхолтойгоор тайлбарлах чадвар эзэмшүүлэхэд оршино. Оролцогчид судалгаагаа франц хэлээр 180 секундэд багтаан, зөвхөн нэг слайд харуулан танилцуулдаг уламжлалтай.

Энэ удаагийн тэмцээнд анагаах ухаан, хими, робот техник, археологи, утга зохиол, боловсрол судлал, олон улсын харилцаа зэрэг олон салбарын судалгааг танилцуулсан нь залуу эрдэмтдийн судалгааны чиглэл, шинжлэх ухааны цар хүрээ өргөн байгааг харууллаа.

Шүүгчид оролцогчдын илтгэх ур чадвар, судалгааг олон нийтэд ойлгомжтой хүргэх чадвар, илтгэлийн бүтэц, логик дарааллыг харгалзан үнэлсэн байна.

Франц хэл — шинжлэх ухааны олон улсын харилцааны гүүр

« Миний докторын судалгаа 180 хоромд » тэмцээн нь франц хэлийг зөвхөн харилцааны хэл бус, шинжлэх ухааны мэдлэг бүтээх, түгээх, олон улсын судалгааны хамтын ажиллагааг хөгжүүлэх хэл болохыг харуулдаг зорьдог тэмцээн болно. Мөн залуу судлаачдад өөрийн судалгааны ажлыг олон улсын тавцанд танилцуулах, академик харилцааны ур чадвараа хөгжүүлэх боломж олгодог.

2026 оны Ази-Номхон далайн бүсийн финал нь тус бүс нутагт хоёр дахь удаагаа зохион байгуулагдсан бөгөөд энэ удаа анх удаа бүхэлдээ цахим хэлбэрээр явагдлаа. Шүүгчдийн эхний гурван байрын шагналтнууд 2026 оны 12 дугаар сарын дундуур цахимаар зохион байгуулахаар төлөвлөсөн олон улсын финалд оролцох боломжийн төлөө өрсөлдөх юм.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар