МУИС-ийн эрдмийн хамт олон сургалт, судалгааны чанараа дээшлүүлж, шинжлэх ухааны мэдлэг түгээх, мэдлэгийг үйлдвэрлэл, инновацид хөрвүүлэх чиг үүргийнхээ хүрээнд Нийгата мужийн их сургуулийн ректор, эдийн засгийн ухааны доктор, профессор Рюхэй Вакасугиг Монгол Улсад урьж, олон нийтэд зориулсан лекц зохион байгууллаа.
“Lecture on International Trade: Theory and Policy of Import Tariff” сэдэвт лекц, хэлэлцүүлгийг 2025 оны 8 дугаар сарын 21-ний өдөр МУИС-ийн Дугуй танхимд зохион байгуулсан бөгөөд лекцийг МУИС-ийн ректор доктор, профессор Б. Очирхуяг нээж, МУИС болон Нийгата мужийн их сургуулийн хамтын ажиллагааны талаар танилцуулав.
Профессор Р. Вакасуги: “Би МУИС-д хоёр дахь удаагаа лекц уншиж байна. 21 жилийн өмнө Монголд ирж, эдийн засгийн тэнхмийн багш нарт зориулсан олон улсын худалдааны онолын сургалт явуулж байсан. Манай сургуулийн хамт олон МУИС-тай хамтран ажиллаж эхэлснээс хойш олон жил өнгөрсөн бөгөөд цаашид бидний хамтын ажиллагаа улам өргөжинө гэж найдаж байна” хэмээн онцлов.
Уг нээлттэй лекцэнд МУИС-ийн Эдийн засгийн тэнхим, Бизнесийн сургууль, СЭЗИС-ийн багш, оюутнууд болон Монголбанк, Сангийн яам, Эдийн засаг хөгжлийн яам, Татварын ерөнхий газар, ОУВС-ийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газар, хувийн хэвшлийн төлөөлөл оролцож, импортын татварын бодлогын өнөөгийн асуудлаар санал бодлоо солилцов.
Профессор Р.Вакасугийн “Lecture on International Trade: Theory and Policy of Import Tariff” лекцийг бүрэн эхээр нь дараах холбоосоор үзэж сонирхоорой: https://www.facebook.com/economicsatnum/videos/1067976925378284