Эмгэнэл | Тэгшжаргалын Сэнгэдорж /1941 – 2025/

Share Button

ЭМГЭНЭЛ

Тэгшжаргалын Сэнгэдорж /1941 – 2025/

Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор, Монгол Улсын гавьяат багш, яруу найрагч Тэгшжаргалын Сэнгэдорж өвчний учир ертөнцийн мөнх бусыг үзүүлэв.

Талийгаач Т.Сэнгэдорж Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд 1941 онд төрсөн. Тэрээр 1960-1964 онд ЗХУ-ын Эрхүүгийн Улсын Их сургуульд, улмаар МУИС-д шилжин суралцаж, хуульч мэргэжил эзэмшжээ.

Профессор Т.Сэнгэдорж Монгол Улсын Хууль зүйн дээд боловсролын зүтгэлтэн, МУИС-ийн хууль зүйн салбар төгсөгчдийн үе үеийн шавь нарынхаа хайр хүндэтгэлийг хүлээсэн эрхмийн эрхэм багш-сурган хүмүүжүүлэгч байлаа. 1966 оноос хойш МУИС-д багш, тэнхимийн эрхлэгч, декан, төслийн удирдагч, тэргүүлэх болон зөвлөх профессороор насан эцэстлээ үр бүтээлтэй ажилласан юм. Тэрээр профессор цол хүртсэн манай орны хууль зүйн их дээд сургуулийн анхны багш байсан билээ.

Доктор Т.Сэнгэдорж монголын хууль зүйн шинжлэх ухааны нэрт эрдэмтэн юм. Тэрээр 1980 онд “Төрөөс хоршооллыг удирдах эрх зүйн асуудал” сэдвээр хууль зүйн ухааны дэд эрдэмтний, 1994 онд “Байгаль орчныг хамгаалах эрх зүйн асуудлууд, уламжлал, шинэтгэл” сэдвээр хууль зүйн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалжээ. 1980-1989 онд ШУА-ийн философи, социологи, эрх зүйн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, секторын эрхлэгч, 1989-1992 онд ШУА-ийн Төр, эрх зүйн хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн даргаар үр бүтээлтэй ажилласан манай улсын хууль зүйн шинжлэх ухааны зүтгэлтний нэг байлаа.

Хууль зүйн шинжлэх ухааны доктор Т.Сэнгэдорж эрх зүйн онол, түүх, хууль зүйн шинжлэх ухаан судлал, экологи-газрын эрх зүйн асуудлаар олон даацтай бүтээл туурвиж үлдээсэн бөгөөд хойч үеийн олон хуульч-эрдэмтдийг бэлтгэх үйлсэд үнэ цэнтэй хувь нэмрээ оруулсан юм.

Профессор Т.Сэнгэдорж олон шүлэг туурвисан яруу найрагч, Монголын зохиолчдын Эвлэлийн гишүүн байлаа. Талийгаачийн үгийг нь бичсэн “Аглаг өндөр уулсын маань, Хөвөн зөөлөн энгэр нь хө, Ачтай буурал аавын минь, Халуун дулаан өвөр шигээ хө” гэсэн “Нутгийн дуулал ” хэмээх дуу нь л гэхэд монголын ард түмний дунд ардын дуу шиг үеийн үед мөнхрөн дуулагдсаар байх болно.

Монгол Улсын Гавьяат багш цол, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Алтан гадас одон зэрэг төр засгийн дээд шагналаар профессор Т.Сэнгэдоржийн олон жилийн хөдөлмөр зүтгэл өндөр үнэлэгдсэн юм.

Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор, Монгол Улсын гавьяат багш Тэгшжаргалын Сэнгэдоржийн хөдөлмөрч, шударга, төлөв даруу, уян зөөлөн, оюунлаг зан чанар, бүтээл туурвил, гэгээн дүр бидний сэтгэл зүрхэнд үүрд мөнх орших болно.

 

МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

МОНГОЛ УЛСЫН ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИ

МУИС-ИЙН ХУУЛЬ ЗҮЙН СУРГУУЛЬ

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар