Нэг Монгол хүний амь нас ямар үнэ цэнтэй вэ? Монгол Улс иргэнээ эх орондоо төдийгүй дэлхийн хаана ч хамгаалж чадаж байна уу?
2006 онд Малайз Улсад Монгол Улсын иргэн Ш.Алтантуяа бусдын гарт харамсалтайгаар амиа алдсан. Түүний эцэг С.Шаарийбуу охиныхоо хэргийн үнэнийг бүрэн тогтоолгож, шударга ёсыг сахиулахын төлөө 20 жилийн турш тэмцэж байна.
Энэ бол зөвхөн нэг гэр бүлийн эмгэнэлт түүх биш. Монгол хүний амь нас, нэр төр, эрх чөлөө, аюулгүй байдлыг хамгаалах төрийн үүрэг, хариуцлагын тухай асуудал юм. Шударга бус явдлын өмнө юу ч хийхгүй байх нь шударга бус байдлыг үргэлжлүүлэх нэг хэлбэр. Харин үнэний төлөө хийж буй алхам бүр шударга ёсны төлөөх тэмцлийн нэг хэсэг билээ.
“Нэг Монгол, нэг амь, үнэт зүйл” нээлттэй лекц, хэлэлцүүлэгт доктор С.Шаарийбуу болон Ерөнхий сайд асан Г.Занданшатар нар оролцож, шударга ёсны төлөөх 20 жилийн тэмцэл, олон улсын түвшинд иргэний эрхийг хамгаалах асуудал, төрийн хариуцлага, Монгол Улсын ирээдүйн талаар оюутан залуус, багш, судлаачидтай санал солилцоно.

Г.Занданшатар лекцийнхээ хүрээнд Монгол Улс иргэнээ хамгаалах үүргээ зөвхөн хилийн чанадад тулгарсан асуудалд хариу арга хэмжээ авах төдийгөөр хязгаарлаж болохгүйг хөндөнө. Авлига, шударга бус байдал, хариуцлагагүй тогтолцоог өөрчилж, хууль дээдэлсэн, иргэддээ аюулгүй, итгэлтэй амьдрах нөхцөл бүрдүүлсэн Монгол Улсыг бүтээх нь хүнээ хамгаалах бодлогын үндэс болох тухай хэлэлцэнэ.
Монголчууд яагаад эх орноосоо явахыг хүсдэг вэ? Иргэд эх орондоо аюулгүй, эрх чөлөөтэй, итгэл дүүрэн амьдрахын тулд бид юуг өөрчлөх шаардлагатай вэ? Төр иргэнээ хамгаалах үүргээ хэрхэн бодитоор хэрэгжүүлэх ёстой вэ?
Эдгээр асуултын хүрээнд шударга ёс, төрийн шинэчлэл, хүний эрх, иргэний оролцооны талаар нээлттэй ярилцах болно.
Энэхүү лекцэд их, дээд сургуулийн оюутнууд, профессор, багш, судлаачид болон хүний эрх, хууль ёс, Монгол Улсын ирээдүйн асуудлыг сонирхдог хүн бүрийг урьж байна.

