МУИС -ийн Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэнгийн судалгааны баг нь Нээлттэй Нийгэм Форумын захиалгаар “Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтүүд ба төрийн эрх мэдлийн хяналт, тэнцвэр” сэдэвт эрдэм шинжилгээний судалгааг хийж дуусгаж байна. Энэхүү эрдэм шинжилгээний судалгааны зорилго нь Монгол Улсын ардчилсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтүүдэд төрийн эрх мэдлийг хуваарилах онол, систем анализийн онол, Үндсэн хуулийн эдийн засгийн онол – арга зүйн үүднээс дүн шинжилгээ хийж, Монгол Улсын төрийн эрх мэдлийн хяналт, тэнцвэрийг сайжруулах, улмаар үндсэн хуульт ёсыг төлөвшүүлэхэд хувь нэмэр оруулахад чиглэгдсэн юм.
Эрдэм шинжилгээний судалгааны үр дүнг танилцуулах зорилгоор эрдэмтэн судлаачдын хүрээнд “Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтүүд ба төрийн эрх мэдлийн хяналт, тэнцвэр” сэдэвт эрдэм шинжилгээний хэлэлцүүлгийг амжилттай зохион байгуулав.
Хэлэлцүүлэгт Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэнгийн захирал док.проф. Х.Сэлэнгэ, док.проф. О.Машбат “Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтүүд ба төрийн эрх мэдлийн хяналт, тэнцвэр”, док.проф. А.Энхбат ““Монгол Улсын Үндсэн хуулинд Үндсэн хуулийн эдийн засгийн онол – арга зүйн үүднээс дүн шинжилгээ хийх нь”, док.проф. О.Машбат, Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэнгийн судлаач Б.Билэгдэмбэрэл “Эх газрын эрх зүйн бүлийн улс орнуудын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт ба төрийн эрх мэдлийн хяналт, тэнцвэр”, МУИС-ийн Хууль Зүйн Сургуулийн багш LLM О.Дарханболд, Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэнгийн судлаач Т.Эмүжин “Жишгийн эрх зүйн бүлийн улс орнуудын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтүүд ба төрийн эрх мэдлийн хяналт тэнцвэр” сэдэвт илтгэлүүдийг хэлэлцүүллээ.