МУИС-ийн ШУС-ийн захирал доктор, профессор Б.Болд-Эрдэнэ ОХУ-ын Пушкиний нэрэмжит Орос хэлний дээд сургуулийн хэрэгжүүлж буй “Послы русского языка в мире” (Дэлхий дахин дахь орос хэлний элч) хөтөлбөрийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтад МУИС-ийн Хамтын ажиллагааны газрын дарга Ш.Мэндбаяр, МУИС-ийн ШУС-ийн ЕСТ-ийн эрхлэгч доктор, дэд профессор Н.Мөнх, орос хэлний салбарын багш Ц.Цогзолмаа, Б.Дэмбэрэлмаа, “Орос хэлний элч” хөтөлбөрийн арга зүйч, ОХУ-ын Пушкиний нэрэмжит Орос хэлний дээд сургуулийн багш Головаха Елизавета, орос хэлний элч Аслам Ханнан (БНЭУ), Вернигорова Маргарита (ОХУ) нар оролцов.
Орос хэл, соёл, уран зохиол, шинжлэх ухааныг дэлхий дахинд сурталчлах, орос болон бусад орны залуусын хоорондын соёлын харилцааг хөгжүүлэх, сайн дурын үйл ажиллагаагаар дамжуулан залуусыг идэвхжүүлэх зорилготой “Орос хэлний элч” олон улсын сайн дурын хөтөлбөрийг ОХУ-ын А.С.Пушкиний нэрэмжит Орос хэлний дээд сургууль ОХУ-ын Шинжлэх ухаан, дээд боловсролын яамны дэмжлэгтэйгээр 2015 оноос хэрэгжүүлж эхэлжээ. 2015 оноос эхлэн уг хөтөлбөрт дэлхийн 182 их дээд сургуулиас 6 000 гаруй орос хэлний мэргэжилтэн оролцох хүсэлт гаргасны 325 нь орос хэлний элч болсон байна.