Монгол Улс үндэсний хиймэл дагуултай болох зорилгыг Засгийн газраас дэвшүүлсэн билээ. Энэ ажлын хүрээнд дотоодын боловсон хүчин, электроникийн чиглэлээр суралцдаг оюутан залуусын дунд “Хиймэл дагуул-Бидний тэмүүлэл” уриан дор “Кансат” үндэсний анхдугаар уралдааныг Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулж өчигдөр нээлтэй хийсэн юм.
Тус уралдааны зохион байгуулагч, МУИС-ийн ФЭС-ийн “NUM-ITC-UNESCO” Зайнаас тандан, сансар судлалын олон улсын лабориторийн багш, доктор Балтын Сувданцэцэгтэй ярилцлаа.
Уралдаан, сургалт, шинэхэн лаборатори гээд гурван нээлт зэрэг боллоо. Лабароторийн хувьд ямар чиглэлийн үйл ажиллагаа явуулах вэ? Танай өмнөх лабароториос ялгаа нь юу байна.
– Манай “Зайнаас тандан, сансар судлалын олон улсын лаборитори” маань анх 2003 онд суурь нь тавигдаад 2005 онд нээлтээ хийж байсан юм. Байгуулагдаад 10 жил болж байна. Энэ лаборитори бол зайнаас тандан судлах, газарзүйн мэдээлэл талдаа илүү ашиглагддаг. Магистр докторын оюутнууддаа сургалт явуулдаг. Өчигдрийн шинээр байгуулагдаж байгаа лаборитори бол хиймэл дагуул, бичил хиймэл дагуул хийх, хөгжүүлэх лаборитори юм. Хоёул нийлж нэг цогц болж байна гэж ойлгож болно.
КАНСАТ үндэсний уралдаан 5 үе шаттай зохион байгуулагдана гэсэн шүү дээ. Дараа дараагийн шатанд ямар үйл ажиллагаа зохиогдох бол?
– Уралдааны нэгдүгээр шатанд 3 сарын 09-31 өдрүүдэд их дээд сургуудиудыг хамарсан КАНСАТ-ын сургалт болсон юм. Монгол улс маань КАНСАТ-ын талаар мэдлэг багатай л даа. Өнгөрсөн жил ШУТИС- ийн Механик инженерийн сургууль, МУИС-ийн Физик электроникийн сургуулийн мэргэжлийн багш, оюутнууд л өөрсдөө хамтарч кансат хийгээд олон улсын тэмцээнээс медаль аваад ирсэн. Тэрнээс биш кансатынхаа тухай ч бүрэн мэдэхгүй шахуу байсан. Харин энэхүү уралдааны хүрээнд олон их дээд сургуулийг хамарсан анхны сургалт боллоо. Тэмцээний 2 дахь үе шат нь өчигдрийн нээлтийн үйл ажиллагаа юм.
Харин гуравдугаар шатанд багууд маань хийсэн Кансатуудаа хөөргөж агаарт гаргах зүүлбэрт тоглолтыг 5 сарын 18-нд зохион байгуулна. Тэндээсээ хэмжилт, мэдээллүүдээ аваад аль багийн кансат сайн байна, мэдээллээ үнэн дамжуулж байна гэдгээр нь дүгнэх юм. Сүүлийн шат бол 6 сард зохион байгуулагдах Зайнаас тандан судлалын Олон улсын хурал юм. Зайнаас тандан судлал гэдэг маань хиймэл дагуулаас мэдээ авдаг учраас бидний хийсэн кансат хурлын бүтэн нэг section болж байгаа. Багууд Кансатаа тайлбарлаж богино хэмжээний өгүүлэл бичиж, хуралд илтгэл тавих юм. Тэндээс эцсийн шатны шалгаруулалт хийгдэж Олон улсын тэмцээнд явах эрхээ авах юм.
Олон улсын наадам хаана болох вэ?
– Энэ жил Японы Акита мужид болно. Японы сансар судлалын дээд сургуулиудын холбооноос зохион байгуулдаг юм.
Үндэсний уралдаанд хэдэн баг оролцож байна, нэг баг хэдэн гишүүнтэй байгаа вэ?
– МУИС-ийн ФЭС-ийн “Тэмүүлэл” баг, ШУТИС-ийн ХМТС-ийн “G дагуул”, ШУТИС-ийн КтМС-ийн “Орбиттеам”, ШУТИС-ийн МИС-ийн “Эхлэл”, МУИС-ийн МТС-ийн “Космус”, Батлан хамгаалахын их сургууль-Хөдөө аж ахуйн их сургуулийн хамтарсан “Сек телеком” гэсэн нийт 6 баг оролцож байна. Багийн дотоод бүтцийн хувьд 1 багш, 5 оюутантай.
Та энэхүү уралдааны ерөнхий зохион байгуулагчаар ажиллаж байгаа шүү дээ. МУИС зохион байгуулж, МТШХХ-ы газар дэмжин Ерөнхий сайдын ивээл дор болж байна. Уралдааны санаа анх хаанаас гарав?
– Би өнгөрсөн жил Японд доктор хамгаалаад ирсэн. Мөн төгссөнийхөө дараа КАНСАТ-ын мэргэжлийн курст суусан юм. Төгсөж ирээд энэ чиглэлийн үйл ажиллагааг Монголдоо хөгжүүлэхийг хүссэн. Тэгээд КАНСАТ гээд ийм юм байдаг, үүнийг хөгжүүлмээр байнаа гэсэн санаагаа Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар санал болгосон юм.
Яагаад гэвэл Хиймэл дагуул хийх гэж байгаа бол багаас нь эхлэх хэрэгтэй. Хиймэл дагуултай ижил бүтэцтэй, тоног төхөөрөмж нь адил боловч бага оврын, хийх процесс нь яаж явдаг уу яг адилхан, хүүхдүүд гараар хийхэд маш тохиромжтой. Тийм болохоор эхлээд энийг хөгжүүлье. Цаашид 2016 онд жинхэнэ хиймэл дагуул хөөргөх юм бол энэ КАНСАТ-ын дараагийн шат нь КУБСАТ гэж байдаг юм. Тэрийг нь манайх өөрсдөө хийвэл яасан юм бэ гэсэн саналыг тавихад маш сайхан хүлээж аваад санхүүгийн дэмжлэгийг өгч байгаа.
Та Японы аль сургуульд ямар чиглэлээр эрдмийн зэрэг хамгаалав?
– Би байгаль орчны удирдлагын менежмент буюу Зайнаас тандан судлалд газарзүйн мэдээллийн системийг хэрэглэх нь гэсэн чиглэлээр Кэйогийн Их Сургуульд өнгөрсөн 9 сард докторын зэрэг хамгааллаа.
Хэзээнээс МУИС-д ажиллав?
– Би яг энэ лабораторийнхоо анхны оюутан болж магистраа хамгаалж байсан юм. Магистрын судалгаагаа хийхийн хажуугаар давхар эндээ ажилладаг байлаа. Тэгээд хамгаалсны дараа доктор Р.Цолмон багштай маань хамтран ажилладаг Кэйогийн их сургуулийн профессор миний докторын ажлыг удирдахаар болж, тэнд 5 жил сурсан.
Газарзүйн мэдээллийн системийг аялал жуулчлалд яаж ашиглах вэ, ялангуяа хот газар бус хөдөө орон нутгийн бодлого боловсруулах түвшинд суулгаж өгөх чиглэлээр докторын ажлаа хийсэн.
Кэйогийн их сургуулийг төгсөөд ирлээ. Тэндээс таны олж харсан сургалт судалгааны онцлог нь юу байсан бэ?
– Манай тэр сургуулийн гол онцлог нь гэвэл удирдлагын менежментийн чиглэлээр маш их юм хийгддэг. Ялангуяа хөгжингүй, дэвшилтэт технологийг хэрхэн ашиглаж, бодлогын түвшний хүмүүст хүргэх вэ? Судлаачид юм хийгээд л байдаг. Түүнийг нь бодлого боловсруулах түвшний хүмүүс авч ашиглаж чаддаггүй. Тэгэхээр энэ хоёрыг хооронд нь яаж уялдуулах уу, холбож өгөх үү гэдэгт илүү биднийг анхаарч ажиллуулдаг байсан.
Судлаачид нэг зүйл дээр төвлөрдөг шүү дээ. Нэг аймаг, нэг сум ч юмуу. Гэтэл түүнийгээ удирдлагын хүмүүст нь хэлж өгч чаддаггүй. Тэр сум орныхоо хүмүүсийг судалгааны ажилдаа хамруулж чаддаггүй. Үр өгөөжийг нь мэдрүүлж чаддаггүй гэх мэт. Тийм болохоор манай тэр сургууль “та нар бодит юмнаас эхэл, жижигхэн байж болно. Хамгийн жижиг сум, багийг сонгож ав. Тэгээд тэрэндээ таарсан төлөвлөгөөг гарга. Хийсэн юмаа тэр түвшиндөө хэрэгжүүл” гэдэг шаардлагыг тавьдаг байсан.
Би яг тэр зарчмаар ажиллаад Говь-Алтай аймгийн Бигэр сумыг сонгож авсан. Бигэр суманд бөөрний сувилал байдаг юм. Тэнд бөөрний өвчтэй хүмүүс их очиж, элсэн дээр хэвтэж сувилуулдаг. Тэрнээс болоод элсний нүүлт ихтэй. Элсний нүүлтээсээ болоод сумын хүн, малын ундаалдаг ганц голыг дарчихсан. Сумын иргэд болохоор шууд зогсоо гэсэн байр суурьтай байдаг гэвч нөгөө талаас бас бөөрний өвчтэй хүмүүс эрүүл мэндээ сувилмаар байдаг. Ийм том зөрчил бий болоод сумын засаг дарга нь яах вэ гэчихсэн байсан энэ асуудлыг аваад бүрэн төлөвлөгөө гаргаж өгсөн. Яаж менежментийг хийх үү, орон нутагт ямар ашигтай байдлаар аяллыг бий болгох уу, яаж байгаль орчныг хамгаалах уу? Хэрвээ тэр аялал байж байвал түүнийг дагсан эдийн засгийн хөгжилт байна шүү дээ. Тэр бүх санааг нь өгөөд орон нутгийн иргэдийг хамруулсан судалгаа хийсэн. Нэг ёсондоо сувилалыг түшиглэсэн аялал бий болгож байна л даа. Тэнд очсон хүн өөр хаана очиж болох уу. Тийм газруудыг нутгийн иргэдээр өөрсдөөр нь тогтоолгоод, нөөцүүдэд үндэслэсэн бүх үнэлгээг нь хийж өгсөн юм. Хэрвээ ингэж хөгжүүлбэл сум оронд, зохион байгуулж байгаа хүмүүст, иргэдэд, аялагчдад ямар ашигтай вэ гээд л. Бас байгальд ямар нөлөө үзүүлж болох юм, бэлчээр, ан амьтны тархалт, хөрс, усны нөөцөд гэх мэтээр бүхий л талаас нь судалгааг гаргасан. Ингэхдээ сумын ард иргэдийг маш сайн татаж оролцуулсан гэдгээрээ бас онцлогтой гэж хэлж болно. Нутгийн иргэдэд маш их мэдээлэл байдаг байхгүй юу.
Тэнд судалгааныхаа дагуу нутгийн удирдлагатай байнга холбоотой байж сүүлийн 5 жилд 4 удаа очиж судалгааныхаа танилцуулгыг хийж, санаа оноогоо хэлдэг байсан. Чадвал энэ жил ч гэсэн очиж сүүлийн байдлаар саналаа хэлэх бодолтой байгаа. Одоо бол тэнд ямарч асуудалгүй байгалийн аялал жуулчлал бий болсон.
Тэгвэл таны судалгааны ажил үнэхээр бодит хэрэгжилтээ олжээ. Цаашдаа харин аль чиглэлээрээ судалгаагаа явуулахаар зорьж байна даа. КАНСАТ уу, удирдлагын менежмент үү?
– Төгсөж ирсний дараа хиймээр юм маш их гарч ирж байна аа. Дээрх судалгааны чиглэл рүүгээ явах юм бол удирдлагын менежмент гээд бодлого боловсруулах түвшний юм хийх ёстой. Кансат, хиймэл дагуулын чиглэлийг монголд хөгжүүлмээр байна. Уур амьсгалын өөрчлөлтөнд дасан зохицох талаар нэг гоё ажил бас байгаа. Энэ бүхнийг хийе гэвэл биеэ хэд хуваах билээ.
Тэгэхээр ямар ч байсан эхний ээлжинд монгол орныхоо түвшинд КАНСАТ-ыг хөгжүүлье. Дараагаар нь өөрийнхөө сонирхлын дагуу судалгаагаа үргэлжлүүье гэж бодож байна. Уур амьсгалд дасан зохицох чиглэлээр миний төгссөн сургууль дээр маань маш их ажлууд хийгддэг байсан л даа. Хурал цуглаанд их оролцдог байлаа. Би бас “Ази номхон далайн орнуудын уур амьсгалын өөрчлөлтөнд дасан зохицох холбоо”-ны гишүүн юм байгаа юм.
Тэр ” гоё “ ажил тань юу юм бэ ?
– Манай оронд зуд их болдог шүү дээ. Зудаас урьдчилан сэргийлэхэд вэб системийг ашиглах боломжийн талаар ажил байгаа юм.
Жишээ нь: малчин юмуу, засаг дарга нь сумынхаа нэрийг бичээд хайхад танай сумын нутагт энэ жилийн хур тунадас тийм байна, бэлчээрийн даац, хүйтний эрч, малын тоо толгой тэд байна, тиймээс ийм хэмжээний цас орвол танайх зудад өртөх магадлал өндөр байна шүү, за зуд болох нь нүүе гэвэл хэдэн км, хаана дээрхи үзүүлэлтүүд бас ямар байна гэдгийг мэдээллэх систем хийж байгаа гэсэн үг л дээ.
Тэгвэл мөн л хиймэл дагуулаас авах мэдээллээр дамжих нь ээ дээ. Ер нь хиймэл дагуулаас мэдээлэл авах тал дээр манай улс хэр ажиллаж байна вэ?
– Монгол улс бараг 15 жилийн өмнөөс хиймэл дагуулаас мэдээ аваад боловсруулж ирсэн учраас энэ тал дээр маш сайн туршлагатай. Ус цаг уурын хүрээлэн дээр 2 хиймэл дагуулаас мэдээ хүлээж авах станц байдаг. Хиймэл дагуулын мэдээ хүлээж авах, боловсруулах тал дээрээ маш сайн хөгжсөн боловч сансрын инженерчлэл буюу хиймэл дагуул гэж юу байдаг юм, яаж хийдэг юм гэдэг тал дээр нойл цэгээс байна гэж хэлж болно.
Хэрвээ бид 2016 онд хиймэл дагуул хөөргөх гэж байгаа юм бол энэ талын мэдлэгтэй байхгүй бол ерөөсөө болохгүй. Газрын станц нь ямар байх ёстой юм, газрын станциасаа хиймэл дагуулаа удирдах мэргэжилтнүүдээ бэлдэх ёстой, тандан судалгааны мэдээгээ аваад яаж боловсруулах юм, хааш нь яаж дамжуулах юм гэх мэт энэ чиглэлийг одооноос хөгжүүлэх хэрэгтэй.
КАНСАТ маань тэгвэл яг энэ чиглэлийн ажил гэж ойлгож болох нь ээ? Одоо оюутнуудын хийж байгаа кансатуудыг амьдрал дээр ашиглах боломжтой юу.
– Can- лааз, Satellite – хиймэл дагуул гэсэн үгний нийлэмж юм. Лаазны хэмжээтэй хиймэл дагуул. Одоо хийж байгаа оюутнуудын маань кансат-нд зураг авах, байршил тогтоох, даралт, температур хэмжих багажууд суурилсан байгаа. Зөвхөн агаарт хэмжээд зогсохгүй газар дээр ч орчны хэмжилтийг хийх боломжтой. Тийм болохоор оюутнууд өөрсдийн гараар бодит зүйл хийж байгаа учраас маш их сонирхолтой байгаа. Хиймэл дагуул гэхээр л агаарт байдаг зүйл гэж ойлгож болохгүй. Үүнийг энгийн иргэд ч ашиглаж болно. Манай кансатуудыг ашиглаж судалгаа хийе, жижиг амьтдын байршил, тархалт нүүлт зэргийг тодорхойльё гэсэн саналууд зарим газраас ирээд байгаа.
За тэгвэл бид КАНСАТ-аа хийж чадаж байна. Дараагийн шатны ажил юу байх вэ?
– Кансатаа пуужингаар хөөргөнө. Хэрвээ пуужин хийе гэхэд кансатаас гадна материал, түлш гээд бусад зүйлс шаардлагатай болно.Энэ бол монголд огт шийдэгдээгүй асуудал шүү дээ. ФЭС-д бол кансатаа хийх, хөгжүүлэхэд бүх мэдлэг, тоног төхөөрөмж, техник нь байна. Харин пуужин хийх чиглэлдээ ШУТИС, хөөргөх түлш, хорны тал дээр Батлан хамгаалахын их сургууль илүү хөгжсөн байх жишээтэй. Тийм болохоор монгол улсын төлөө учраас одоо нийлж багаараа ажиллах нь чухал юм.
Бид одоохондоо нано хиймэл дагуулын хөгжүүлэлтийн тал дээр ажиллана л даа. Яг пуужин хийхэд бол монголд байхгүй лаборитори шаардлагатай. Тийм болохоор өөрсдөө загвараа гаргачихаад өөр оронд хийж болно шүү дээ. Гол нь бүх юмаа хүнээр хийлгэх биш, өөрсдөө бага багаар хийж, ядаж яаж хийдгийг мэддэг байх хэрэгтэй.
Ярилцсанд баярлалаа. Таны цаашдын эрдмийн ажилд амжилт хүсье.