ЭМГЭНЭЛ

/1949-2026 он/
Монгол Улсын Ардын багш, Шинжлэх Ухааны Гавьяат зүтгэлтэн, Академич Жигжидийн Болдбаатар 2026 оны 5 дугаар сарын 25-ны өдөр өвчний улмаас тэнгэрт дэвшиж, Монголын түүхийн шинжлэх ухаанд хүнд гарз учирлаа.
Академич Ж.Болдбаатар нь 1949 онд Булган аймгийн Бугат сумын нутаг Ханжаргалант хайрханы өвөрт төржээ. 1957-1967 онд Булган аймгийн төвийн 10 жилийн сургууль, 1967-1971 онд МУИС-ийн Түүхийн ангийг төгсөж, 1979 онд ЗХУКН-ын Төв Хорооны дэргэдэх Нийгмийн ухааны академийн аспирантурт суралцаж, Түүхийн ухааны дэд эрдэмтний зэрэг, 1991 онд тус академид Түүхийн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалжээ.
Ж.Болдбаатар багш ажил амьдралын гараагаа Монгол Улсын Их Сургуулиас эхэлж, 1971-1976 онд МУИС-ийн Түүхийн тэнхимийн багш, 1979-1991 онд Намын дээд сургуульд багш, тэнхимийн эрхлэгч, 1991-1993 онд МАХН-ын Төв Хорооны нарийн бичгийн дарга, дэд дарга, 1992-1996 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 1996-1997 онд ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан, 1997-2009 онд МУИС-ийн Түүхийн тэнхимийн эрхлэгч, 2009-2014 онд МУИС-ийн Түүхийн судалгааны хүрээлэнгийн захирал, 2014 оноос Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтнаар ажиллаж, түүхийн шинжлэх ухааны төлөө өөрийн ухамсарт амьдралаа зориулсан нэрт түүхч, сурган хүмүүжүүлэгч их хүмүүн байлаа.
Тэрбээр 2003 онд МУИС-ийн профессор цол хүртэж, 2004 онд ШУА-ийн жинхэнэ гишүүнээр сонгогдон Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Академич хэргэм хүртсэн юм.
Ж.Болдбаатар МУИС-ийн Түүхийн тэнхимийг 10 гаруй жил удирдан ажиллахдаа түүхийн салбарын сургалт, судалгаанд өрнө, дорнын туршлага, онол-арга зүйн шинэлэг хандлагуудыг нэвтрүүлж, сургалт, судалгааг шинэ түвшинд гаргасан, дээд боловсролын салбарт 50 гаруй жил багшилсан нэрт сурган хүмүүжүүлэгч, жинхэнэ “АРДЫН БАГШ” байлаа.
Академич Ж.Болдбаатар 10 орчим шинжлэх ухааны докторын (Sc.D), 30 гаруй боловсролын доктор (Ph.D)-ын эрдэм шинжилгээний удирдагчаар ажиллан хамгаалуулсан бөгөөд Монголын түүхийн шинжлэх ухаанд өөрийн шавь сургалтыг үндэслэн хөгжүүлж, мянга мянган шавь төрүүлсэн их хүмүүн бөлгөө.
Ж.Болдбаатар багшийн удирдан хамгаалуулсан эрдэмтэд эдүгээ Монголын түүхийн сургалт-судалгааны гол гол байгууллагыг удирдан, түүхийн шинжлэх ухааныг түүчээлэн ажиллаж байна.
Академич Ж.Болдбаатар Монголын түүх, Монголын улс төрийн түүх, Монголын төр-эрх зүйн түүх, Монголын бурхны шашны түүх, түүхэн хүмүүсийн намтар судлал, улс төрийн нам судлал, орон нутаг судлал, үндэсний бөх судлал зэрэг өргөн хүрээтэй сэдвээр судалгаа хийж, 70 гаруй нэгэн сэдэвт зохиол, товхимол туурвиж, 50 шахам хамтын бүтээл бичихэд оролцож, 180 гаруй эрдэм шинжилгээ, судалгааны өгүүлэл хэвлүүлж, Монголын түүхийн шинжлэх ухааны төлөө бүхий л амьдралаа зориулсан нэрт эрдэмтэн, цараатай сэтгэгч байлаа. Түүний бүтээлүүд англи, орос, япон, хятад, унгар, чех, солонгос зэрэг хэлээр хэвлэгдэн гарсан.
Тэрбээр Монголын түүх соёлыг сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх үйлсэд үйлсэд гарамгай хувь нэмэр оруулж, олон арван баримтад болон түүхэн киноны зохиол, шинжлэх ухааны хялбаршуулсан бүтээл бичсэн нэрт соён гэгээрүүлэгч байв.
Ж.Болдбаатар 1991-1994 онд МАХН-ын Төв Хорооны нарийн бичгийн дарга, дэд дарга, 1992-1997 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 1998-2012 онд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилогдон ажилласан төр-нийгмийн зүтгэлтэн юм.
Монгол Улсын төр засгаас академич Ж.Болдбаатар багшийн хөдөлмөр бүтээлийг үнэлж, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Ардын багш цолоор шагнасан юм.
Монгол Улсын Ардын багш, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, ШУА-ийн жинхэнэ гишүүн, академич Боржигин-тавт Жигжидийн Болдбаатарын хүнлэг энэрэнгүй сэтгэл, нөр их хөдөлмөрч, ажилч хичээнгүй зан чанар, өргөн цараатай мэдлэг оюун, эх түүхээ дээдлэх үзэл санаа үеийн үед өвлөгдөж, мянга мянган шавь нарынх нь сэтгэл зүрхэнд мөнхөд орших болно.
Талийгаачийн хань ижил, үр хүүхэд, төрөл төрөгсөд, шавь, хамтран зүтгэгчид, анд нөхдөд гүн эмгэнэл илэрхийлье.
Монгол Улсын Их Сургууль
Шинжлэх ухааны сургууль
Түүхийн тэнхим

