МУИС-ийн Нүүдэлчдийн археологийн хүрээлэнгийн зохион байгуулсан олон улсын эрдэм шинжилгээний хуралд Хүннүгийн дүрслэх урлагийн шинэлэг судалгааны үр дүнг хэлэлцэв

Share Button

МУИС-ийн Антропологи, археологийн салбарын үүсэн байгуулагдсаны 30 жилийн ойн хүрээнд 2025 оны 11 сарын 21-ний өдөр буюу Эзэн Чингис хааны төрсөн өдөр-Монгол бахархлын өдөр “Хүннүгийн дүрслэх урлаг: ерөнхий асуудлууд ба шинээр илэрсэн зураасан зургууд” олон улсын эрдэм шинжилгээний хурал МУИС-ийн Эрдмийн танхимд болов. Хуралд нийт 12 илтгэлийг Монгол, ОХУ, БНХАУ, ХБНГУ-ын тэргүүлэх судлаачид тавьсныг зааланд хуран цугларсан сонсогчдоос гадна онлайн шууд дамжуулалтыг дагаж байсан олон арван хүн дэлхийн өнцөг булан бүрээс сонсов.

Хүннүгийн дүрслэх урлагийн судалгаа Монголд хийгдэж буй археологийн судалгааны үр дүнд шинэ хэрэглэгдэхүүнээр үлэмж баяжиж байхын зэрэгцээ нүүдэлчдийн урлагийн талаарх онолын хандлагад өөрчлөлт гарсаар байна. Энэхүү хуралд Монголын археологийн судалгааны нэгэн чухал тулгуур асуудлын нэг болсон Хүннүгийн дүрслэх урлагийн судалгааны ерөнхий асуудлууд, түүний дотор Хүннүгийн амьтны урлагт урлагийн асуудалд төвлөрч олон талаас нь авч хэлэлцэхээс гадна сүүлийн жилүүдэд илэрсэн дүрслэх урлагийн шинэ дурсгалуудыг судалсан үр дүнг хэлэлцсэн болно.

Ширийн чулуу үйсэн дээрх зураг
Соёо хүрэн зураг
Их Сансар уул зураг

Тухайлбал, МУИС-ийн судлаачдын сүүлийн 6 жилийн дотор шинээр илрүүлсэн Хүннүгийн зураасан зургийн 5 шинэ дурсгалыг танилцуулсан нь харьцангуй цөөн байдаг ийм төрлийн дурсгалын тоог илэмж баяжуулсан хэрэг болсон юм. Тэдгээрийн дотор Дорноговиос илрүүлсэн үйсэн савны ханан дээр зурсан олон тооны гэр тэрэг, цанат гэр бүхий бүтэн суурингийн зураг, Баянхонгороос илрүүлсэн нумын эвэр наалтан дээрх агнуурын сэдэвтэй маш өндөр түвшний сийлбэр зургууд, Говьсүмбэрээс илрүүлсэн бүсний занар арал дээрх онцгой уран хийцтэй зургууд зэргийг дурдаж болно. Хурал илтгэл тавьсан гадаадад судлаачид У.Бросседер, Пань Лин, А.А.Тишкин, В.В.Горбунов нар Хүннүгийн археологийн судалгааны дэлхийн тэргүүлэх эрдэмтэд байсан нь уг хурлын ач холбогдолыг тодорхойлж байна.

Дотоодын судлаачдын дотор МУИС-ийн Нүүдэлчдийн археологийн хүрээлэнгийн судлаачдын илтгэлээс гадна ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн захирал, доктор, дэд профессор Г.Эрэгзэн, Чингис хааны өв соёлын хүрээлэнгийн ажилтан Ц.Эгиймаа нарын илтгэлүүд олны анхаарлыг ихэд татаж байлаа. Хурлын илтгэлүүд МУИС-ийн дотоод хянан магадлагаатай “Mongolian Journal of Anthropology, Archaeology and Ethnology” сэтгүүлд тусгай сэдэв болон нийтлэгдэх болно.

Энэхүү хурал нь МУИС-ийн Нүүдэлчдийн археологийн хүрээлэнгээс 2025 онд зохион байгуулсан хоёрдахь хурал бөгөөд энэ оны 5 сард “Буган хөшөө ба хиргисүүр: нийгэм соёлын судалгааны асуудлууд” үндэсний хэмжээний эрдэм шинжилгээний хурлыг амжилттай зохион байгуулсан билээ.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар