Хайж байна...

МУИС-ийн удирдлагууд “Инженер Технологийн Дээд Боловсрол”  төслийн Япон талын хамтрагч их сургуулийн эрдэмтэн, судлаачдад талархал илэрхийлэв

Share Button

Монгол Улсын Засгийн газар, Япон Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжиж буй “Инженер, технологийн дээд боловсрол” (ИТДБ) төсөл нь 2014–2027 онд хэрэгжиж, өндөр мэдлэг, ур чадвар бүхий инженер, технологийн мэргэжилтэн бэлтгэх, аж үйлдвэрийн салбарын хүний нөөцийг бэхжүүлэх, сургалт, судалгааны чанар, орчинг шинэ шатанд гаргах зорилготой стратегийн чухал төсөл юм. 

Төслийн хүрээнд МУИС нь биотехнологи, нанотехнологи, сэргээгдэх болон цэвэр энергийн технологи, микроэлектроник, мэдээлэл холбооны технологийн чиглэлээр нийт 10 хамтарсан судалгааны багийг бүрдүүлэн ажиллуулж байна. Эдгээр баг нь Япон улсын 50 орчим тэргүүлэх их сургууль, эрдэм шинжилгээ, бизнесийн байгууллагын 100 гаруй судлаач, Монголын 160 гаруй эрдэмтэн, судлаачийн оролцоотойгоор өргөн хүрээтэй хамтын ажиллагааг өрнүүлж байна. 

Хамтарсан судалгааны хөтөлбөр нь олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдөх чадвартай хүний нөөцийг бэлтгэх, судалгаа, сургалтын чанарыг дээшлүүлэх, судалгааны дэд бүтэц, инновацын экосистемийг бүрдүүлэх, судалгааны үр дүнг эдийн засгийн эргэлтэд оруулахад чиглэж байгаа нь Монгол Улсын шинжлэх ухаан, нийгэм, эдийн засгийн хөгжилд бодит хувь нэмэр оруулж байна. 

ИТДБ төслийн Зочин судлаачийн хөтөлбөрийн хүрээнд Япон улсаас ирсэн  Institute of Science Tokyo их сургуулийн дэд ерөнхийлөгч, профессор Nobuhiro Hayashi, Kanazawa их сургуулийн профессор Noriko Hasebe, Hokkaido их сургуулийн профессор Yukihiro Takahashi, Tokyo University of Agriculture and Technology их сургуулийн профессор Akisawa Atsushi, Takemu Co., Ltd компанийн үүсгэн байгуулагч, ерөнхийлөгч Masato Takemura зэрэг судлаачдыг МУИС-ийн ректор Б.Очирхуяг хүлээн авч уулзан төслийг амжилттай хэрэгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлж, МУИС-ийн нийт эрдмийн хамт олныг төлөөлөн талархлын өргөмжлөл гардуулав. 

Мөн энэ үеэр Institute of Science Tokyo их сургуулийн дэд ерөнхийлөгч, профессор Nobuhiro Hayashi “University-led initiatives aimed at improving the world through co-creation with societyсэдвээр нээлттэй илтгэл хэлэлцүүлж, их сургуулиуд нийгэмтэй хамтран дэлхийн хөгжлийг сайжруулах шинэ санаачилгуудыг танилцуулсан нь оролцогчдын анхаарлыг татав. 

Institute of Science Tokyo их сургууль нь Япон Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, технологийн яам (MEXT)-наас баталсан “Судалгааны тогтолцоог бэхжүүлэх төлөвлөгөө”-ний хүрээнд 2026 оны 4 дүгээр сарын 1-нээс “Олон улсын шилдэг судалгааны их сургууль” статустайгаар үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд Японы Засгийн газраас 20 гаруй жилийн хугацаанд жил бүр ойролцоогоор 10 тэрбум иений санхүүжилтийг авах эрхтэй болсон байна. 

Тус төлөвлөгөөнд “Сайн амьдрал”, “Сайннийгэм”, “Сайн дэлхий” урианд суурилсан Visionary Initiatives (VI) санаачилгуудыг дэвшүүлж, боловсрол, судалгаа, инновацыг уялдуулсан шинэ шатны хөгжлийг зорьж буйг тодорхойлсон байна. 

Science Tokyo’s Eight Visionary Initiatives

Science Tokyo-ийн дэвшүүлсэн алсын хараа бүхийстратегийн санаачилгыг хэрэгжүүлэхэд олон улсын хамтын ажиллагаа чухал ач холбогдолтой бөгөөд дэлхийн тэргүүлэх их сургуулиуд, судалгааны байгууллага, аж үйлдвэрийн салбар, иргэний нийгмийн байгууллагуудын хамтын оролцоотойгоор шинэ мэдлэг, технологи, инновацыг бий болгох чиглэлээр өргөн хүрээнд хамтран ажиллах  боломжуудыг танилцуулав. 

Ийнхүү тус уулзалт нь талуудын хамтын ажиллагааг цаашид улам бүр гүнзгийрүүлэх болон дээрх хэтийн зорилго санаачилгуудын хүрээнд хамтарсан судалгаа, төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах бодит боломжуудын талаар хэлэлцсэн чухал ач холбогдолтой арга хэмжээ болсныг онцолж байна. 

МУИС-ийн ИТДБ төсөл

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар