АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен 2024 онд Монголд айлчлах үеэрээ “US-Mongolia in English Initiative” хөтөлбөрийг санаачлан, 2025 онд Монгол Улсын Их Сургуулийн дэргэд Англи хэлний мэргэшлийн төвийг нээж, Боловсролын яам, Гадаад харилцааны яам, англи хэлт орнуудын элчин сайдын яамдууд хамтран ажиллаж байна.
Америкийн Тусгаар тогтнолын 250 жилийн ой болж буйг тохиолдуулан АНУ-ын Төрийн Департаментын Зүүн Ази, Номхон далайн товчооны Япон, Солонгос, Монгол Улсын асуудал эрхэлсэн Төрийн нарийн бичгийн даргын орлогч Дэвид Вилозол МУИС дээр зочлон ирж төвийн үйл ажиллагаатай танилцлаа.
МУ-ын Боловсролын сайд Л.Энх-Амгалан, МУИС-ийн Ректор Б.Очирхуяг, АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ричард Л.Буанган, АНУ-ын Төрийн Департаментын нарийн бичгийн даргын орлогч Дэвид Вилозол, төвийн эрхлэгч Д.Отгонтуяа нар цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов.
Энэ хичээлийн жилд их, дээд сургуулиуд, Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагууд (МбТБСБ), ЕБС-ийн англи хэлний багш нар, багшаар бэлтгэгдэж буй оюутнууд, төрийн албан хаагчид, олон нийт зэрэг давхардсан тоогоор 2500 орчим хүнд сургалтын үйлчилгээ үзүүлжээ.
АНУ-ын Фулбрайт хөтөлбөрийн мэргэжилтнүүд, Энх тайвны корпусын сайн дурынхан болон Австралийн сайн дурын сургагч багш нар, МУИС-ийн англи хэлний багш нартай хамтран олон сургалтыг амжилттай зохион байгуулсан байна.


