“АКАДЕМИЧ ГЭЛЭГЖАМЦЫН ЛУВСАНЦЭРЭН БА МОНГОЛЫН БУДДЫН СУДЛАЛ” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал болов

Share Button

ШУА-ийн Философийн хүрээлэн, МУИС-ийн Философи, шашин судлалын тэнхим хамтран Академич Г.Лувсанцэрэнгийн мэндэлсний 90 жилийн ойд зориулан “АКАДЕМИЧ ГЭЛЭГЖАМЦЫН ЛУВСАНЦЭРЭН БА МОНГОЛЫН БУДДЫН СУДЛАЛ” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг 2025 оны 12 дугаар сарын 11-ний өдөр зохион байгууллаа.

Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, ШУА-ийн жинхэнэ гишүүн, Академич Г.Лувсанцэрэн багш Монголын буддын философи, нийгэм-ёс суртахууны сэдвээр судалгаа хийж нэг сэдэвт бүтээл, хамтын бүтээл, ном товхимол, олон арван эрдэм шинжилгээний өгүүлэл, илтгэл бичиж нийтлүүлсэн буддын судлалын нэрт эрдэмтэн билээ.

Энэ удаагийн эрдэм шинжилгээний бага хуралд академич Г.Лувсанцэрэнгийн шавь нар, хамтран ажиллагчид, түүний ажил, амьдралын замналд ойр нөхөд, ураг төрлийн төлөөлөл оролцож дурсамж, сэтгэгдлээ хуваалцав. Түүнчлэн Академич Г.Лувсанцэрэнгийн буддын философийн судалгаа, тэр дундаа Мадхьямака философийн орчин үеийн судалгаанд холбогдох асуудал, мөн буддын судлалд холбогдох эх сурвалж, сургалт сурталчилгааны чиглэлээр олон эрдэм шинжилгээний илтгэлүүдийг хэлэлцүүллээ. Тухайлбал, Шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор М.Гантуяа, доктор (Ph.D) М.Батаа нар “Академич Г.Лувсанцэрэнгийн “Мадхьямика” судалгааг орчин үеийн өрнийн судлалтай харьцуулах нь” сэдэвт, Шинжлэх ухааны доктор (Sc.D) Д.Гантөмөр “Мадхьямака судлалын орчин үеийн зарим чиг хандлага ба үндэстний онцлогийн судалгаа” сэдэвт, доктор (Ph.D) Ж.Энхбаяр, магистр П.Мягмарсайхан нар “Нагаржунайн хоосон чанарын онол ба академич Г.Лувсанцэрэнгийн судалгаа” сэдэвт, доктор (Ph.D) С.Дэмбэрэл, доктор (Ph.D) Г.Эрдэнэбаяр нар “Академич Г.Лувсанцэрэнгийн бүтээл дэх Абхидхармын ойлголтуудын шинжлэх нь” Доктор (Ph.D), профессор С.Цэдэндамба “Академич Г.Лувсанцэрэн энх тайвны үйлсэд” сэдэвт гэх мэт олон илтгэлүүдийг тус тус хэлэлцүүлэв.

Мөн Академич Г.Лувсанцэрэнгийн нэрэмжит тэтгэлгийг шашин судлал, буддын судлалын чиглэлээр амжилттай суралцаж, сурлагын амжилт болон тэнхимийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцсон оюутнуудад 17 жилийн турш олгож ирсэн уламжлалын дагуу энэ жил Шашин судлалын II түвшний оюутан Э.Сосорбарам, IV түвшний оюутан М.Анундарь нарт гардууллаа.

Эрдэм шинжилгээний бага хурлыг ШУА-ийн Тэргүүлэгчдийн газар, Г.Лувсанцэрэнгийн нэрэмжит Буддын судлалын хүрээлэн, Зүүн хүрээ Дашчойлои хийд, Номын гурван хүрдэн сан зэрэг байгууллагууд дэмжиж ажиллаж байна.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар