Эмгэнэл | Павлов Владимир /1958 – 2025/

Share Button

ЭМГЭНЭЛ

Павлов Владимир (1958-2025 он)

Монгол Улсын Их Сургуулийн Шинжлэх Ухааны сургуулийн Хүмүүнлэгийн ухааны салбарын Европ судлалын тэнхимийн ахмад багш Павлов Владимир 2025 оны 12 дугаар сарын 29-нд өвчний улмаас таалал төгсөж монголын боловсрол, шинжлэх ухаан, гадаад харилцааны салбарт нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.

П.Владимир нь 1958 онд Улаанбаатар хотод мэндэлжээ. Улмаар 1975 онд нийслэлийн 2-р сургууль, 1980 онд МУИС-ийн Хэл бичгийн факультетыг дүүргэжээ.

1980-1982 онд МУИС-ийн дэргэдэх ОХДС-ийн яриа бичгийн дадлагын тэнхимд, 1982-1991 онд ОБДС-ийн яриа бичгийн дадлагын тэнхимд багш, ахлах багш, 1991-2001 онд хувийн байгууллагад, 2001-2002 онд “Леди и Джентельмены” дунд сургуульд дэд захирал, 2002-2024 он хүртэл МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Хүмүүнлэгийн ухааны салбарын Европ судлалын тэнхимд багшаар тасралтгүй ажиллажээ.

Мөн 1981-1984 онд Монголын ҮндэсниЙ Телевизэд “Бид Артек явна” нэвтрүүлгийн хөтлөгчөөр ажиллаж байв.

2013 онд “Ертөнцийг үзэхүйг төлөвшүүлэхэд менталитетийн гүйцэтгэх үүрэг” сэдвээр гүн ухааны докторын зэрэг хамгаалж дэд профессор, 2019 оноос зөвлөх дэд профессороор ажиллаж байгаад гавьяаны амралтдаа авсан бөгөөд МУИС-д ажиллах хугацаандаа улс болон олон улсын эрдэм шинжилгээний хуралд 10 гаруй илтгэл, 30 гаруй эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлэн нийтлүүлжээ.

П.Владимир нь сурган хүмүүжүүлэгч, эрдэмтэн багш төдийгүй хамт олон, оюутан залуусыг спортын олон арга хэмжээнд манлайлан, удирдан оролцуулж байсан чадварлаг тамирчин байлаа

Төр засгаас түүний хөдөлмөр бүтээлийг үнэлж 2009 онд БСШУЯ-ны Жуух бичиг, Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойн медаль, 2010 онд Хөдөлмөрийн хүндэт медаль, 2011 онд “Боловсролын Тэргүүний ажилтан”, 2013 онд “Биеийн тамир спортын тэргүүний ажилтан”, 2015 онд “Спортын мастер” цол, 2016 онд “Алтан гадас” одонгоор тус тус шагнажээ.

Талийгаачийн хүнлэг, энэрэнгүй, элбэрэлт асрангуй сайхан сэтгэл, хөдөлмөрч хичээнгүй зан чанар, дөлгөөн сайхан дүр төрх нь бидний зүрх сэтгэлд үүрд хоногшин үлдлээ.

МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

ШИНЖЛЭХ УХААНЫ СУРГУУЛЬ

ХҮМҮҮНЛЭГИЙН УХААНЫ САЛБАР

ЕВРОП СУДЛАЛЫН ТЭНХИМ

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар