Холбооны Бүгд Найрамдах Герман Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Хэльмут Кулитц, ЭСЯ-ны Уур амьсгал, хөгжлийн хамтын ажиллагааны хэлтсийн дарга Удо Вебер нар МУИС-ийн Экологийн боловсролын төв (ЭБТ)-д зочилж ЭБТ болон Германы түнш байгууллагуудын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжсэн төсөл хөтөлбөр болон түүний үр дүнтэй танилцлаа.



Эрхэмсэг ноён Элчин сайд Ханнс-Зайделийн сангийн 2022 оноос хойш хэрэгжүүлж буй “Өсвөр үеийнхэн: Байгаль орчин ба хууль” төслийн үр дүнд сэтгэл хангалуун буйгаа илэрхийлэн 4 жилийн хугацаанд Нийслэлийн алслагдсан дүүргийн өсвөр үеийн нийт 14,000 хүүхдийг хамруулсан, энэхүү багагүй хүчин чармайлт шаардсан төслийг амжилттай хамтран хэрэгжүүлсэн ЭБТ-ийн хамт олонд баяр хүргэж цаашдын ажилд нь улам их амжилт хүсэв.


ЭБТ-ийн эрхлэгч Р.Сүнжидмаа Германы түнш байгууллагуудын хамтын ажиллагаа, дэмжлэгээр бий болсон сургалтын хөтөлбөр, шинэ орчнууд болон ЭБТ-ийн сургалтын үйлчилгээнд өсвөр үеийнхнийг тэгш, хүртээмжтэй хамруулж буй уг төсөл нь ЭБТ-ийн хөгжилд түлхэц болоод зогсохгүй Монголын олон мянган хүүхэд залуусын оюунд томоохон хөрөнгө оруулж буйг онцлон талархлаа илэрхийллээ.
Хүндэт зочид мөн МУИС-ийн харьяа Ерөнхий боловсролын ахлах сургуулийн хүүхдүүдтэй уулзан хүрээлэн буй орчны хамгаалал болон ХБНГУ-д суралцах боломжийн талаар сурагчдын асуултад хариулж сонирхолтой яриа өрнүүлэв.




