Хайж байна...

Төрийн дээд цол, одон хүртсэн багш, ажилтнуудад хүндэтгэл үзүүллээ

Share Button

XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх гал морин жилийн Цагаан сарын баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нэр бүхий МУИС-ийн багш, ажилтнуудад төрийн дээд цол, одон хүртээлээ.

МУИС-ийн ректор, профессор Б.Очирхуяг, Судалгаа, хамтын ажиллагаа эрхэлсэн проректор С.Гомбобаатар, Төлөвлөлт, хөрөнгө оруулалт эрхэлсэн проректор Б.Даваасүрэн нар төрийн дээд цол, одон хүртсэн багш, ажилтнуудыг хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүллээ.

Монгол Улсын Гавьяат багш цолыг МУИС-ийн Статистик, хэрэглээний математикийн тэнхимийн ахмад багш, доктор А.Батцэнгэлд хүртээжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор МУИС-ийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн ахмад багш, доктор Б.Сарантуяа, Алтангадас одонгоор МУИС-ийн ахмад багш, доктор Д.Цоодол, МУИС-ийн ахмад ажилтан Б.Оюунчимэг нарыг тус тус шагнасныг МУИС-ийн ректор Б.Очирхуяг гардуулан өглөө.

Мөн МУИС-ийн Санхүү бүртгэлийн газрын дарга Н.Халиуныг Монгол Улсын Засгийн газрын шагнал “Нягтлан бодох бүртгэлийн тэргүүний ажилтан” цол, тэмдгээр шагнасныг гардууллаа.

 

Төрийн дээд цол, одон хүртсэн багш, ажилтнууддаа баяр хүргэж, сайн сайхныг хүсэн ерөөе.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар