Геологи, геофизикийн судалгааны тэргүүлэх компаниудын нэг G&DS ХХК нь үүсэн байгуулагдсаныхаа 20 жилийн ойн арга хэмжээний хүрээнд МУИС-ийн ШУС, Байгалийн ухааны салбарын Геологи, геофизикийн тэнхимийн Геофизик хөтөлбөрийн сургалтын үйл ажиллагааг дэмжин цооногийн геофизикийн судалгааны иж бүрэн багаж бэлэглэлээ. Багажийг 2026 оны 02 дугаар сарын 27-нд хүлээлгэн өгсөн ба ёслолын ажиллагаанд G&DS компанийн захирал Б.Батнаран, инженер Н.Жаргал, Д.Отгонбаатар болон ШУС-ийн БУС хариуцсан дэд захирал Проф. Ц.Баатарчулуун, Геологи, геофизикийн тэнхимийн эрхлэгч доктор Б.Тамир, геофизик хөтөлбөрийн багш нар, оюутнууд оролцлоо. Нийт 18,000 долларын үнэ бүхий тус иж бүрдэлд MGXII-Log дата логгер, 300 м урттай троссын систем, 2PGA-1000-gamma бүртгэгч болон зөөврийн компьютер багтжээ.


G&DS компанийн инженерүүд багажийн ажиллах зарчмыг танилцуулж, багажнуудыг хүлээлгэн өглөө.

Цооногийн геофизикийн багаж нь хайгуулын геофизикийн бусад багажуудтай харьцуулахад нилээд үнэтэйд тооцогддог онцлогтой. Цооногийн геофизикийн судалгааны иж бүрэн багажтай болсноор Геофизик хөтөлбөрөөр суралцаж буй оюутнууд хээрийн дадлагын хүрээнд хайгуулын геофизикийн чиглэлээр ашиглагддаг бүх төрлийн багажаар хэмжилт хийж, танхимд сурч эзэмшсэн мэдлэгээ практикт хэрэгжүүлж, онол париктик хосолсон дадлага туршлага хуримтлуулах бүрэн боломжтой боллоо. Ялангуяа цооногт байгалийн цацраг идэвхи, цахилгаан эсэргүүцэл, байгалийн потенциалыг хэмжих арга аргачлалыг эзэмших боломжтой болж байгаа юм.
G&DS компани нь МУИС-ийн геофизик хөтөлбөрийн сургалтын тоног төхөөрөмжийг шинэчлэх, сургалт, судалгааны үйл ажиллагааг дэмжих чиглэлээр хамтран ажиллахаас гадна тус хөтөлбөрөөр төгсөгчдийг ажлын байраар хангаж ажилладаг. МУИС-ийн ШУС-ийн Байгалийн ухааны салбарын зүгээс G&DS компаний хамт олонд 20 жилийн ойн баярын мэнд хүргэж бэлэг дурсгалын зүйлс гардууллаа.




