Эмгэнэл

/1954-2026 он/
Монгол Улсын Их Сургуулийн профессор, компьютерын ухааны доктор, бидний эрхэм багш Жаймайн Пүрэв 2026 оны 03 дугаар сарын 05-ны өдөр таалал төгсөж, Монгол улсын шинжлэх ухаан, техник, технологи, цахим хэл шинжлэл, бичгийн салбарт хүнд гарз тохиолоо.
Ж.Пүрэв 1954 онд Ховд аймгийн Дарви суманд төрж, 1963-1973 онд ерөнхий боловсролын дунд сургууль, 1973-1979 онд Польшийн Вроцлав хотын Эдийн засгийн академийг информатик–эконометрийн мэргэжлээр эдийн засгийн магистр зэрэгтэй төгсөөд 1979-1988 оны хооронд тухайн үеийн Статистикийн төв газрын Тооцоолон бодох төвд инженер программ зохиогчоор ажлын гараагаа эхэлж байлаа. 1988-2002 онд МУИС-ийн Физик Электроникийн Сургуулийн Электроникийн салбарт эрдэм шинжилгээний ажилтан, багш, сургалт хариуцсан профессор, салбарын эрхлэгч, 2002-2003 онд БНСУ-ын Сежоны их сургуульд зочин судлаач багшаар ажиллаж байгаад 2002 онд МУИС-д Мэдээллийн Технологийн Сургууль үүсгэн байгуулагдсан цагаас тус сургуульд профессор багш, 2005-2006 онд сургалтын албаны эрхлэгч, 2007 оноос Компьютер, хэл шинжлэлийн судалгааны төвийн эрхлэгч, 2004 оноос Компьютер, мэдээллийн технологийн тэнхимийн эрхлэгч зэрэг албыг хашиж улсынхаа дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэх их үйлсэд ухамсарт амьдралаа зориулсан эрхэм нэгэн байв.
Тэрээр 1991-1994 онд Монгол Улсын Техникийн их сургуулийн аспирантурт суралцан, тухайн үеийн мэдээллийн технологийн нэгэн шинэ чиглэл байсан хиймэл оюун ухаан, шийдвэр гаргах экспертийн системд тулгуурласан компьютерын боловсронгуй систем зохион бүтээх чиглэлээр судалгааны ажил хийж, Монгол орны авто тээврийн удирдлагад компьютер хэрэглэн удирдлагын оновчтой шийдвэр гаргах асуудлаар компьютерын ухааны дэд докторын зэргийг хамгаалсан юм.
2002-2004 онд Монгол хэлний судалгаанд компьютерын системийг хэрэглэх чиглэлээр судалгааны ажил хийж “Монгол хэлний хэл зүйн судалгаанд цахим оюуныг ашиглах нь” сэдэвт судалгааны төслийн удирдагч, 2005-2006 онд “Монгол хэлний тулгуур цахим байгууламж” сэдэвт төслийн удирдагч, 2007 оноос Азийн 11 орныг багтаасан PANL10n сүлжээ, ПАНЛокализейшэн (PAN Localization) төслийн удирдагч, 2009 оноос докторын дараах сургалтын хүрээнд “Монгол хэлний үгсийн утга зүйн сүлжээ” сэдэвт төслийн зөвлөх удирдагч, “Мэдээлэл, холбооны технологийн нэр томьёоны стандарт боловсруулах” төслийн удирдагчаар тус тус ажиллаж дотоодын болон олон улсын 40 гаруй судалгааны өгүүлэл хэвлүүлсэн судлаач төдийгүй C++, программчлалын үндэс, компьютерын бүтэц зохион байгуулалт, мэдээллийн технологийн нэр томьёо, цахим хэл шинжлэл, хэрэглэгчийн гарын авлага, тооллын систем, ажлын төсөл бичих аргачлал зэрэг сургалт, судалгааны 10 гаруй ном сурах бичиг хэвлүүлсэн гавьяатан багш байлаа.
Түүний Монгол Улсынхаа мэдээлэл, харилцаа холбооны салбарын хөгжилд хувь нэмрээ оруулахаар хичээж ажилласан 50 гаруй жилийн хөдөлмөр, бүтээлийг үнэлж төр засгаас Ардын боловсролын тэргүүний ажилтан, Харилцаа холбооны салбарын тэргүүний ажилтан, төрийн дээд “Алтан гадас” одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор тус тус шагнасан юм.
Эрхэм багшийн минь хөдөлмөрч, хичээнгүй, хүнлэг зан чанар, эх орон, хэл соёлоо гэсэн гэгээн бүхэн бидний сэтгэл зүрхэнд үүрд хоногшин үлдэх болно.
Монгол Улсын Их Сургууль
Эрдмийн хамт олон

