Монгол Улсын Их Сургуулийн Шинжлэх ухаан, технологийн Улаанбаатар парк, МУИС-ийн Бизнесийн сургуулийн Бизнес консалтинг төв болон Төрийн банкны Бизнес инкубатор төв хамтран хэрэгжүүлж буй “Өрхийн бизнесээс стартап” танхимын сургалтын хөтөлбөрийн I модуль 2026 оны 3 дугаар сарын 24-ний өдөр амжилттай зохион байгуулагдлаа. Тус сургалтад өрхийн болон жижиг, дунд бизнес эрхлэгч нийт 40 оролцогч хамрагдсан байна.

Сургалтын нээлтийн үйл ажиллагаанд зохион байгуулагч байгууллагуудын төлөөлөл болон бизнес хөгжүүлэгч багш нарыг төлөөлөн МУИС-ийн Инженер, технологийн сургуулийн Ногоон эрчим хүч инженерчлэлийн тэнхимийн доктор, дэд профессор Э.Пүрэвдалай оролцож, өөрийн үүсгэн байгуулсан “Чин ганц” ХХК-ийн туршлагаас хуваалцан, оролцогчдод урам зориг өгсөн илтгэл тавилаа. Мөн тэрээр өрхийн бизнесийг инновацид суурилан хөгжүүлэх, стартап сэтгэлгээг төлөвшүүлэхийн ач холбогдлыг онцлон тэмдэглэв. Сургалтад оролцогчид идэвхтэй оролцож, харилцан туршлага солилцсон нь онцлог байв.

Тус хөтөлбөр нь гурван модулиас бүрдэх бөгөөд оролцогчид энтрепренер сэтгэлгээ, стартап бизнесийн төлөвлөлт, санхүүгийн төлөвлөлт, технологийн хэрэглээ, дижитал маркетинг, оюуны өмч зэрэг бизнесийн гол чиглэлүүдээр онол, практикийг хослуулсан цогц мэдлэг, ур чадварыг эзэмших боломжтой.
Сургалтын I модуль “Энтрепренер сэтгэлгээ” болон “Стартап бизнесийн төлөвлөлт” сэдвийн хүрээнд зохион байгуулагдаж, оролцогчид бизнесийн санаагаа тодорхойлох, зах зээлийн боломжийг үнэлэх, бизнес төлөвлөгөө боловсруулах арга зүйд суралцлаа.
Сургалтыг МУИС-ийн туршлагатай багш, мэргэжилтнүүд удирдан явуулсан бөгөөд оролцогчдын идэвх, оролцоо өндөр байлаа.
Энэхүү сургалт нь зөвхөн мэдлэг, ур чадвар олгохоос гадна оролцогчдын хооронд харилцаа холбоо тогтоох, бизнесийн сүлжээг өргөжүүлэх, хамтын ажиллагааг дэмжих боломжийг бүрдүүлсэн үр өгөөжтэй арга хэмжээ болж өндөрлөв.

