МУИС-ийн УТСОУХНУС-ийн харьяа Зүүн Өмнөд Азийн дугуй ширээ клубээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Domestic Conference – 2026” олон улсын загвар хурал амжилттай зохион байгуулагдлаа. МУИС-ийн хэмжээнд 70 гаруй клуб үйл ажиллагаа тогтвортой үйл ажиллагаа явуулдаг ба “Students Round Table Mongolia” клуб нь МУИС-ийн Олон улсын харилцааны тэнхимийн дэргэд үйл ажиллагаа явуулдаг хамгийн идэвхтэй клуб юм.

“Students Round Table” клуб нь хамгийн анх 2007 онд Япон улсын Акитагийн Их Сургуульд байгуулагдаж, Монгол улсад 2011 онд байгуулагдснаас хойш өнөөдрийг хүртэл тасралтгүй үйл ажиллагаа явуулж буй УТСОУХНУС-ийн ууган клубуудын нэг юм. Монгол улсаас гадна Тайваний Үндэсний Чэнчи Их Сургууль, Солонгос улсын Сөүлийн Их Сургууль, Япон улсын Акитагийн Их Сургуулиудад салбартай ба жилдээ нэг удаа салбар нэг клуб дээрээ “Summer Conference” нэгдсэн конфренцийг зохион байгуулдаг.
“Domestic Conference” нь анх 2011 онд зохион байгуулагдсан ба энэ жил 15 дах жилдээ зохион байгуулагдлаа. Уг загвар хурлын тэмцээн нь олон улсын харилцаагаар сурдаг болон олон улсын харилцааг сонирхдог бүхий л оюутан залууст нээлттэй байдаг нь онцлог юм. Энэ жилийн хувьд 2026 оны 4 сарын 4, 5-ны өдрүүдэд зохион байгуулагджээ.

Тэмцээний өдрүүдэд нийт 40 гаруй оролцогч оролцож, дөрвөн өөр хороодод хуваагдан бүс нутгийн буюу Зүүн хойд азийн Монгол, Япон, БНСУ, Тайвань, ОХУ, БНХАУ улсуудыг төлөөлөн асуудлуудыг хэлэлцэж, байж болох гаргалгааг хэлэлцсэн.

Уг хороод нь:
- Хямрал зохицуулах хороо – АНУ-н цэргийн баазын шинэчлэлт нь ЗХА-н бүс нутгийн аюулгүй байдалд үзүүлэх үр нөлөө
- Хүний нөөцийн хороо – Зүүн Хойд Азийн хүн ам зүйн өөрчлөлт: Хүний нөөцийн бодлого ба хөдөлмөрийн зах зээл дахь сорилт, шийдлүүд
- Хамтын ажиллагааны хороо – Зүүн Хойд Азийн бүс нутгийн аюулгүй байдал, энх тайван
- Технологийн хороо – Кибер засаглал ба гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь (Cyber Governance and Crime Prevention) гэх асуудлуудаар тус тус хэлэлцлээ.

Энэ жилийн тэмцээний онцлог болгосон зүйл бол тэмцээний сүүлийн өдөр бүхий л хороодын төлөөлөгчдийг улсуудаар нь нэг баг болгож “Ерөнхий Ассеймблэ” – ийн хурал болгож зохион байгуулагдаж, хороодоос гарсан тогтоолын төслийг дахин хэлэлцэн нэгдсэн нэгэн тогтоолын төслийг буй болгосноороо онцлог болсон юм.
Нийт дөрвөн хороо тус бүрээс “ШИЛДЭГ ТӨЛӨӨЛӨГЧ” шагнал шалгаруулж мөнгөн урамшуулал, өргөмжлөл, олон улсын “SUMMER CONFERENCE” явах эрх, өргөмжлөл, мөнгөн шагнал олгосон юм.
Нийт “ШИЛДЭГ ТӨЛӨӨЛӨГЧ”-дийг дурдвал:
- Хямрал зохицуулалт – 130-р сургуулийн 10-р ангийн сурагч Д. Ивээл, МУИС-ын Олон улсын харилцаа хөтөлбөрийн 3-р түвшний оюутан Ө. Есүгэн
- Хүний нөөцийн хороо – Хүмүүнлэг Их Сургуулийн Олон улсын харилцаа хөтөлбөрийн 3-р түвшний оюутнууд Д. Солонго, А. Цэгцмаа
- Хамтын ажиллагааны хороо – МУИС-ийн Түүхийн хөтөлбөрийн 1-р түвшний оюутан Д. Сугар-Очир
- Технологийн хороо – МУИС-ийн Антропологийн хөтөлбөрийн 4-р түвшний оюутан Б. Мөнхжин

Тус хурлыг амжилттай зохион байгуулахад үнэтэй хувь нэмэр оруулсан оюутан хөгжлийг төв, УТСОУХНУС-ийн захиргаа, хандив өгсөн төгсөгчид, идэвхтэй гишүүд болон нийт оролцогчид, шүүгч нартаа “Students Round Table” клубын зүгээс гүнээ талархал илэрхийлье. Нийт оролцогчдодоо цаашдын зам, сурлага, үйлсэд нь амжилт хүсье!
ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ГАЗАР
“STUDENTS ROUND TABLE” КЛУБ

