“Бүрэлдэхүүн сургуулиуд МУИС-ийн хөгжлийн бодлогод” нээлттэй хэлэлцүүлгийн үр дүнгийн шинжилгээ
МУИС-ийн Удирдах зөвлөл, МУИС-ийн Эрдмийн зөвлөл, Хамт олны зөвлөлийн санааачлагаар зохион байгуулсан “Бүрэлдэхүүн сургуулиуд МУИС-ийн хөгжлийн бодлогод” нээлттэй хэлэлцүүлэг 2013 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 10 цагаас 18 цагийн хооронд МУИС-ийн Эрдмийн Зөвлөлийн танхимд (Дугуй заал) амжилттай болж өнгөрлөө.
МУИС-ийн хөгжлийн номнолыг цэгцлэн боловсруулах, дунд хугацааны стратеги төлөвлөгөөг амжилттай хэрэгжүүлэх арга замын талаарх бүрэлдхүүн сургуулиуд, тэдгээрийн удирдлагын байр суурийг тодруулан судлах, шаардлагатай бодлогын зөвлөмж боловсруулах явдал энэхүү хэлэлцүүлгийн гол зорилго байв.
МУИС-ийн бүрэлдхүүний 16 сургуулиас УБ хотод байрладаг 14 сургуулийн захирлууд өөрсдийн удирдаж байгаа сургуулийн бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгох, хөтөлбөрийн давхардлыг арилгах, бакалавр, төгсөлтийн дараах сургалт, эрдэм шинжилгээ судалгааг хөгжүүлэх чиглэлээр өөрсдийн бодлого төлөвлөгөө, алсын харааг нийт оролцогчдод танилцуулсан Бодлогын илтгэл тавьж, хэлэлцүүлсэн юм.
Хэлэлцүүлэгт тавих илтгэл нь тухайн сургуулийн хийсэн ажлын тайлан биш учраас зөвхөн тус сургуулийн ирээдүйн хөгжлийн төлөв байдал, шинэчлэлийн хэрэгцээ, тулгарч байгаа асуудал тэдгээрийг хэрхэн шийдвэрлэх талаарх удирдлагын байр суурь, бодлого номнолыг илэрхийлэхэд чиглэнэ гэсэн шаардлагыг зохион байгуулагчдын зүгээс тавьсан бөгөөд тухайн бүрэлдхүүн сургуулийн сургалтын хөтөлбөрүүд, бүтцийн зохистой байдал тэдгээрийг боловсронгуй болгох, салбарын хөгжлийн алсын хараа (vision), эрдэм шинжилгээг хөгжүүлэх бодлогын шийдэл, төсөв санхүүжилтийн боломжит эх үүсвэрийн эрэл хайгуул зэрэг хөгжилд баримжаалсан бодлогыг тусгахад анхаарахыг зорилт болгосон билээ.
Хэлэлцүүлгийг нээж МУИС-ийн Удирдах зөвлөлийн дарга Цогтсайхан товч үг хэлсэн /сонсох/ бөгөөд УЗ-ийн нарийн бичгийн дарга, Социологи нийгмийн ажлын эрхлэгч О.Мөнхбат, Эрдмийн зөвлөлийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, ЭЗС-ийн багш Батнасан нар хөтлөн удирдлаа.
Хэлэлцүүлэгт МУИС-ийн бүрэлдэхүүн 14 сургуулиас 11 сургуулийн захирал оролцож, илтгэл тавьсан бөгөөд ОУХС-ийн захирал, проф Н.Алтанцэцэг, ББТС-ийн захирал, проф М.Батхүү, МХСС-ийн захирал проф, Ж.Баянсан нар оролцсонгүй. ХЗС-ийн захирал гадаадад томилолтоор ажиллаж байгаа тул тус сургуулийн эрдэмтэн нарийн бичгийн дарга проф Лүндэндорж илтгэл тавьж хэлэлцүүллээ.
Бүрэлдхүүн сургуулиудын өмнө тулгарч байгаа гол хүндрэл бэрхшээлийн талаарх захирлуудын санал бодол
Асуудал 1. Бүрэлдхүүний сургуулиудын санхүүжилтийн дутмаг байдал:
Илтгэл тавьсан нийт захирлууд төсөв мөнгө хүрэлцээгүй байгаа талаар санал нэгтэй байсан бөгөөд цалин тавих, урсгал зардлаа нөхөхөд төсвийн дийлэнх хувь зарцуулагддаг тул судалгаа шинжилгээ хийх, багшийг хөгжүүлэх, сургалт, эрдэм шинжилгээний дэд бүтцийг хөгжүүлэхэд төсөв үлддэггүй болохыг дурдаж байлаа.
Шийдэх арга зам, хувилбарын тухайд: Санхүүжилтийн нэмэлт эх үүсвэрийн тухай илтгэл тавьсан захирал нар тодорхой санал илэрхийлээгүй бөгөөд уламжлалт эх үүсвэр болох оюутны төлбөрийг нэмэгдүүлэх, төрөөс авдаг санхүүжилтийг наад зах нь нийт төсвийн 40 хувьд хүргэх зэрэг ерөнхий зүйлийг дурдсан агаад одоо байгаа төсвийн хүрээнд үү эсвэл одоо байгааг 40 хувиар нэмэх тухай юм уу гэдгийг тодотгосонгүй. Харин тухайн сургууль хэвийн хөгжиж, МУИС-ийн стратеги төлөвлөгөөний гол зорилтуудыг амжилттай хэрэгжүүлэхэд одоогийн төсвийг хэдэн хувиар нэмэгдүүлэх шаардлагатай, чухам хэдий хэр санхүүжилт шаардлагатайг захирлуудын хэн нь ч тодруулсангүй. Түүнчлэн старт ап, инноваци хэрэгжүүлэх, мэдлэг, технологийн шинэ бүтээгдхүүнийг зах зээлд нийлүүлэх замаар санхүүжилт олж болох тухай (МТС–ийн захирал Проф Ч.Лодойравсал) дурдсан бөгөөд нийт захирлуудын хувьд одоогоор хэрэгжүүлэхээр зэхэж буй энэ төрлийн тодорхой төсөл санаачлагын талаар тодорхой баримт гаргаж чадсангүй. Түүнчлэн бүрэлдхүүн сургуулиудын хооронд кредитийн төлбөртэй “экспорт, импортын” зарчим үйлчлэх болсноос тодорхой хичээлүүдийг мэргэжлийн багшаар заалгахгүйгээр бүрэлдхүүн сургууль дотроо аргацаах болсноос сургалтын чанар унаж байгааг зарим захирал (ФЭС-ийн захирал Даваасамбуу) онцлон дурдаж байлаа.
Хэлэлцүүлэгт оролцогчдоос (УЗ-ийн гишүүн, ЭЗХЯам, Бэхбат) сургуулийн санхүүгийн менежментийг сайжруулах, зах зээлийн хэрэгцээг хангасан, шинжлэх ухааны хөгжлийг дэмжсэн төсөл хөтөлбөрүүд боловсруулах тал дээр анхаарах, өөрсдийн хэрэгцээгээ үндэслэлтэй тодорхойлсон төсвийн ойлголттой байх (УЗ-ийн гишүүн, БШУЯам, Насанбаяр) ёстой талаар онцлон анхааруулж байлаа.
Дүгнэлт: МУИС-ийн төсөв санхүүгийн асуудал хүнд байгаа талаар ажил хариуцсан хүмүүс баримт гарган ярьж байгаа авч санхүүжилтийг нэмэгдүүлэх тал дээр бүрэлдхүүн сургууль яаж ажиллавал зохистой талаар тодорхой байр суурьгүй байна. Түүнчлэн тухайн сургуулийг хөгжүүлэхэд шаардлагатай төсвийн цар хэмжээний төсөөлөл сул бөгөөд өмнөө тавьсан стратеги зорилтыг биелүүлэхүйц хөгжилд баримжаалсан төсөв зохиох, Төсвийн тухай хуулийн 2 дугаар бүлгийн 5 дугаар зүйлд заасан төсвийн зарчмууд ялангуяа санхүү, төсвийн зохистой удирдлагыг хэрэгжүүлэх, ил тод байдлыг хангасан байх, хариуцлагатай байх талаар бодлогын шинжтэй санал санаачлага гарсангүй. Энэ бүхнээс үзэхэд МУИС-ийн төсөв боловсруулах үйл ажиллагаа нь хөгжилд баримжаалсан бус гол эх үүсвэр болох сургалтаас олсон орлогоороо зарлагаа нөхсөн амиа аргацаах зарчмаар явж ирсэн гэсэн сэтгэгдэл төрж байна. Чухамдаа МУИС-ийн нэгдсэн төсвийг боловсруулахад бүрэлдхүүн сургуулиуд өөрсдийн хөгжлийн хэрэгцээг тодорхойлж, сургалт, эрдэм шинжилгээ, оюутны үйлчилгээ, багшийн хөгжилд баримжаалсан төсвийн төсөл хийхэд чухал үүрэг гүйцэтгэх боломжтой авч энэ тухайд санаачлагатай ажиллахгүй байна. Түүнчлэн төсвийн зарцуулалтын ил тод байдлыг хангах, түүнд тавих хамт олон, төлөөллийн байгууллагын хяналт мониторингийг хөгжүүлэх талаар нийт захирлууд огт ярихгүй байгаа нь хариуцлага тооцох зарчим сул дорой байгаа харуулж байна.
Асуудал 2. Сургалтын хөтөлбөрийн давхардал, үрэлгэн, давхардсан бүтэц:
Бүрэлдхүүн сургуулиудын хэрэгжүүлж байгаа хөтөлбөрүүд ялангуяа бакалаврын хөтөлбөрүүдийн хувьд давхардал асар их байгаа нь захирлуудын илтгэлээс харагдаж байна. ФЭС-ийн захирал Даваасамбуу, МКС-ийн захирал Алтангэрэл, ГХСС-ийн захирал Бадмаанямбуу нар энэ талаар онцлон дурдсан бөгөөд ФЭС, МКС, МТС-уудын хөтөлбөрүүд, ГХСС, ОУХС, МХСС, НШУС-уудын хөтөлбөр, ЭЗС, УБС, ХС-уудын бакалаврын хөтөлбөрүүд хоорондоо давхардсан, нэг ижил мэргэжлээр хэд хэдэн сургуульд элсэлт авч, сургалт явуулдаг болох нь илтгэлүүдээс харагдаж байна. Түүнчлэн бүрэлдхүүн сургуулиудын тэнхмүүдийн бүтэц хэт жижгэрэн олширсон (МКС, Проф Алтангэрэл), сургалтын хөтөлбөрүүд явцуурсан (ХХИС, Проф Очирхуяг) болох нь харагдаж байна. Сургалтын чанарыг дээшлүүлэх тухайд олон улсад шалгарсан боловсролын стандарт түүний дотор евро стандартуудыг нэвтрүүлэх (УБС-ийн захирал С.Байгальсайхан) шаардлагатай тухай дурдлаа.
Шийдэх арга зам, хувилбарын тухайд: Сургалтын хөтөлбөрүүд, бүтцийн давхардалтай холбоотой бодлогын хувьд МУИС болон бүрэлдхүүн сургуулиуд үндсэн суурь хөтөлбөрүүдээ тодорхойлж, түүндээ баримжаалсан зохистой бүтэцтэй болох, хөтөлбөрүүдийг нэгтгэх, төгсөлтийн дараах сургалтын хөтөлбөрүүдийг бэхжүүлэх шаардлагатай талаар зарим захирал (ГХСС-ийн захирал Бадмаанямбуу, ХХИС-ийн захирал Б.Очирхуяг) онцолж байв. Түүнчлэн сургалт, судалгааны лабораториудыг нэг сургууль, нэг тэнхим, нэг багш “өмчилдгийг” халж, тэдгээрийг нээлттэй болгох (ФЭС, Даваасамбуу), тэнхмүүдийг нэгтгэн томруулах (МКС, Алтангэрэл) санал гарлаа.
Түүнчлэн хэлэлцүүлэгт оролцогчдоос хөтөлбөрийн давхардлыг арилгах, зохистой бүтэц бий болгоход бүрэлдхүүн сургуулиудын захирлууд өөрийн сургууль, тэнхмээ бодсон, хашаалсан сэтгэлгээнээс салж, шинэчлэгдсэн сэтгэлгээ парадигмын үүднээс хандах (ФЭС Улам оргих) шаардлагатай тухай анхааруулж байв.
Дүгнэлт: МУИС-ийн бүрэлдхүүн сургуулиудын тухайд хөтөлбөрүүдийн давхардал туйлдаа хүрч, хүн хүч, санхүүгийн нөөцийг тарамдуулсан, салбар хоорондын хамтын ажиллагааг боомилсон нөхцөл байдал бүрдсэнийг хэлэлцүүлэг харуулж байна. Түүнчлэн бүтэц хэт жижгэрсэнээс давхардал үүсч, үрэлгэн, үр өгөөжгүй бүтцийн тогтолцоо бий болжээ. Бүрэлдхүүн сургуулиудын захирал нар хөтөлбөрийн төдийгүй бүтцийн давхардал байгааг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд харин хэрхэн үүнийг шийдэх буюу хөтөлбөрийг нэгтгэх, хаах, сургуулиудыг нэгтгэн томруулах эсэх талаар бодлогын шинжтэй, онцлууштай санал гаргасангүй. Түүнчлэн МУИС-ийг судалгааны сургууль болгоход шийдвэрлэх үүрэгтэй төгсөлтийн дараах сургуулиуд/хөтөлбөрүүдийг хэрхэн бэхжүүлэх, бакалаврын хөтөлбөр зонхилсон өнөөгийг тогтолцоог хэрхэн өөрчлөх тухай анхаарал татахуйц бодлогын шинжтэй санал санаачлага захирлуудын зүгээс гарсангүй.
Асуудал 3. МУИС-ийн эрх зүйн орчны тодорхой бус, хязгаарлагдмал байдал
МУИС-ийн төдийгүй дээд боловсролын эрх зүйн орчин сул дорой байгаа талаар зарим захирал (ЭЗС-ийн захирал Ц.Даваадорж), оролцогчид (ХЗС, Эрдэнэцогт, ОУХС, Санжмятав) шүүмжлэн ярилаа. Эрх зүйн ийм тодорхойгүй байдал нь их сургуулиудын нэр хүндийг унагаж, дээд сургууль, коллежтэй хутган нэг түвшинд үзэх хандлагыг тархааж байгаа бөгөөд санхүүгийн хувьд орлого олох боломжийг хааж, старт ап үүсгэл санаачлагыг боомилж байгааг (МТС, Ч.Лодойравсал) илтгэгч дурдаж байв. Үүний зэрэгцээ МУИС-ийг улстөрөөс ангид байлгаж, бие даасан судалгаа эрдэм шинжилгээний байгууллага болгоход эрх зүйн орчныг сайжруулах зайлшгүй шаардлагатайг тэд онцолж байв.
Шийдэх арга зам, хувилбарын тухайд: Дээд боловсролын тухай хууль болон боловсролын холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах, МУИС-ийн бие даасан хуультай болох талаар идэвх гарган ажиллах, энэ чиглэлээр МУИС-ийн хуулийн багш нарыг татан оруулах, статусыг олон нийтийн болгоход анхаарах, ажлын хэсэг байгуулах (ХЗС, Эрдэнэцогт, УЗ-ийн гишүүн ЭЗС, Мөнх очир), хууль зүйн салбарын шинэчлэлийн хүрээний бодлоготой уялдуулах (МТС, Ч.Лодойравсал) зэрэг хувилбаруудыг санал болголоо.
Дүгнэлт: МУИС-ийн үндэсний их сургуулийн статусыг баталгаажуулах асуудал олон жилийн өмнөөс яригдаж, олон захирлын нүүр үзсэн боловч энэ чиглэлээрх бодлогын баримт бичиг, үйл ажиллагааны хөтөлбөр боловсруулж ажиллаагүй, дотоод нөөц боломжоо дайчлаагүй, УИХ болон шийдвэр гаргах түвшинд байгаа өөрсдийн төгсөгчдийг зохион байгуулж, нөлөөлөл/лобби/ хийх талаар сэтгэл гаргаж ажиллаагүй болох нь харагдаж байна. Түүнчлэн нэг захирал солигдоход энэ чиглэлээр хийгдэж байсан ажил орхигдох зэрэг удирдлагын залгамж халаа байхгүй байгаа нь асуудлыг улам дортгож байна. Иймд МУИС-ийн статус, эрх зүйн орчинг боловсронгүй болгоход анхаарч ажиллахыг МУИС-ийн захиргаа анхаарах, Удирдах зөвлөлийн нөөц бололцоог сайтар дайчлах ёстойг хэлэлцүүлэгт оролцогчид онцлон анхаарууллаа.
Хэлэлцүүлэгт оролцогчдоос гаргасан санал шүүмжлэлийн тойм
Нээлттэй хэлэлцүүлэгт Удирдах зөвлөл, Эрдмийн зөвлөл, Хамт олны зөвлөлийн гишүүд, МУИС-ийн багш, ажилтнууд оролцож, илтгэгчдээс асуулт асуух, хэлэлцсэн сэдвээр санал бодлоо илэрхийллээ. Тэдгээрийг нэгтгэн үзүүлье.
- Бүрэлдэхүүн сургуулиудын удирдлагын чадавхийг дээшлүүлж, тэдний хариуцлагатай байдлыг нэмэгдүүлэх: Одоогийн удирдлага ил тод биш, багш ажилтны үнэлгээ, оюутан элсүүлэх асуудал дээр шударга бус ханддаг, санаачлагагүй, сургуулийн ирээдүй, хөгжлийн төлөө үүрэг хариуцлага хүлээдэггүй одоогийн тогтолцоог өөрчлөн шинэчлэх асуудал тулгамдсан шинжтэй болсон байна.
- Удирдлагын хошуучлал лидершип чадавхийг дээшлүүлэх: Сургуулийн хөгжилд удирдлагын хошуучлал чухал үүрэгтэй. Гэтэл бүрэлдхүүн сургуулийн удирдлагын сонгох шалгаруулах асуудал боловсронгуй бусаас захирал хөгжилд хандсан, ажил сайжруулах зүйл хийхээсээ илүүтэй дараагийн сонгуулийн хуралд санал авахын тулд популист арга хэмжээ хэрэгжүүлэх, шаардлагатай өөрчлөлтийг өөрийн эрх мэдлийн хүрээнд хийхээс зайлсхийх нөхцлийг бүрдүүлсэн байна. Түүнчлэн удирдлагын ам ажлын зөрөө лавширсан, шүүмжлэлээс зугтаах, “тойрон хүрээлэгчид” бий болгох явдал газар авч байна.
- Хичээлийн хөтөлбөрүүдийн шинэчлэл, зохистой бүтэц бий болгох: Хөтөлбөрүүдийн давхардлыг арилгах, зохистой бүтэцтэй болох нь хүн хүч, бусад нөөц боломжийг үр өгөөжтэй ашиглан дайчлах, МУИС-ийг хөгжүүлэхэд чухал үүрэгтэй болохыг анхааран холбогдох арга хэмжээг хэрэгжүүлэх, төгсөлтийн дараах сургалт, судалгааг дэмжсэн, хөгжүүлсэн бүтэцтэй болох;
- МУИС-ийн эрх зүйн орчинг сайжруулах: МУИС-ийг хөгжүүлэх, улстөрийн нөлөөллөөс ангид байлгаж, үйл ажиллагаа, санхүүжилтийн тогтвортой байдлыг хангахад эрх зүйн орчныг боловсронгуй болгох нь чухал ач холбогдолтойг анхаарах;
- Удирдлагыг идэвхжүүлэх, багшийн хөгжил, үнэлгээний тогтолцоог боловсронгуй болгох: Энэ чиглэлийн үйл ажиллагаа, тогтолцоог боловсронгуй болгоход МУИС-ийн холбогдох дүрэм, журмуудад нэмэлт өөрчлөлт оруулах;
- Нээлттэй хэлэлцүүлгийг тогтмол явуулж байх: МУИС-ийн хөгжлийн бодлого болон тулгамдаж буй асуудлуудтай холбоотой нээлттэй хэлэлцүүлгийг тогтмол явуулах, гарсан санал санаачлагыг ажил хэрэг болгох, багш нарын спортын тэмцээнийг МУИС-ийн вебээр үзэх боломжтой байдаг шиг энэ хэлэлцүүлгийн тухай зөвхөн мэдээ тавих биш, харин захирлуудын тавьсан илтгэлийг багш, ажилтнууд үзэх, унших, сонсох улмаар үнэлэлт дүгнэлт өгөх боломж олгох зэрэг санал дэвшүүлсэн болно. Зохион байгуулагчид
Хэлэлцүүлгийг аудио хэлбэрээр бүрэн эхээр нь хүргэж байна.
1. МКС-ийн захирал, доктор Л.Алтангэрэлийн илтгэл сонсох
2. МТС-ийн захирал, доктор Ч.Лодойравсалын илтгэл үзэх , сонсох
3. ФЭС-ийн захирал, доктор Ж.Даваасамбуугийн илтгэл үзэх, сонсох
Дээрхи гурван илтгэлийн асуулт хариултыг сонсох
4. ЭЗС-ийн захирал, доктор Ц.Даваадоржийн илтгэл сонсох
5. ХЗС-ийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга Н.Лүндэндоржийн илтгэл үзэх, сонсох
6. ХС-ийн захирал, доктор, профессор Ж.Октьябрийн илтгэл үзэх , сонсох
7. УБ-ийн захирал, доктор, профессор С.Байгальсайханы илтгэл сонсох
Дээрхи дөрвөн илтгэлийн асуулт хариултыг сонсох
8. НШУС- ийн захирал, доктор, дэд профессор Г.Эрдэнэбаярын илтгэл сонсох
9. ХХИС- ийн захирал, доктор Б.Очирхуягийн илтгэл үзэх , сонсох
10. ГХСС- ийн захирал, доктор Д.Бадмаанямбуугийн илтгэл сонсох
11. ГГС- ийн захирал, доктор В.Батцэнгэлийн илтгэл сонсох
Дээрхи дөрвөн илтгэлийн асуулт хариултыг сонсох
– МУИС-ийн Удирдах зөвлөлийн дарга Г.Цогтсайханы хэлсэн үг сонсох
– БШУЯ-ны СБТГ-ын дарга Б.Насанбаярын хэлсэн үг сонсох
– Хэлэлцүүлгийн төгсгөлд оролцогчдын хэлсэн үг сонсох