Хайж байна...

МУИС Үндэсний аудитын газартай хамтран ажиллана

Share Button

Монгол Улсын Их Сургууль Үндэсний аудитын газартай төрийн аудитын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх, эрдэм шинжилгээ, судалгааны хамтын ажиллагааг өргөжүүлэх, мэдлэг, туршлага солилцох, орчин үеийн инновац, технологид суурилсан хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж, Ректор Б.Очирхуяг, Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн гарын үсэг зуран баталгаажууллаа.

Энэхүү хамтын ажиллагаа нь төрийн аудит болон дээд боловсролын салбарын харилцааг шинэ шатанд гаргаж, шинжлэх ухаан, судалгаанд суурилсан бодлого, хүний нөөцийн хөгжлийг дэмжихэд чиглэж байгаагаараа онцлог юм. Талууд төрийн аудитын чиглэлээр боловсрол, судалгаа-шинжилгээний хамтын ажиллагааг системтэй хөгжүүлэх, мэдлэг, туршлага солилцох, мэргэжлийн хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, өгөгдөл хуваалцах чиглэлээр урт хугацаанд хамтран ажиллахаар тохиролцов.

Санамж бичгийн хүрээнд талууд эрдэм шинжилгээний хурал, сургалт, семинар, уулзалт, хэлэлцүүлгийг хамтран зохион байгуулахын зэрэгцээ олон улсын болон үндэсний хэмжээний судалгаа, шинжилгээний төсөл хамтран хэрэгжүүлнэ. Түүнчлэн төрийн аудитын арга зүйг боловсронгуй болгох, шинэ технологи, инновацыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэхэд чиглэсэн хамтарсан судалгаа хөгжүүлэхэд онцгой анхааран ажиллах юм.

Салбарын хүний нөөцийг чадавхжуулах, мэргэшүүлэх чиглэлээр зэргийн болон зэргийн бус сургалтуудыг хамтран зохион байгуулж, мэдээллийн технологи, дата анализ, хиймэл оюун ухаан, гадаад хэл зэрэг орчин үеийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх сургалтын хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлснээр аудитын байгууллагын албан хаагчдын мэргэжлийн хөгжлийг дэмжихийн зэрэгцээ их сургуулийн сургалт, судалгааны чадавхыг салбарын бодит хэрэгцээтэй уялдуулах ач холбогдолтой билээ.

Хамтран хэрэгжүүлэх “Нээлттэй аудит” хөтөлбөрийн хүрээнд оюутны дадлага, нээлттэй өдөрлөг болон мэргэжлийн чиг баримжаа олгох арга хэмжээг хамтран зохион байгуулснаар оюутнууд төрийн аудитын байгууллагын үйл ажиллагаатай бодитоор танилцаж, мэргэжлийн ур чадвараа хөгжүүлэх боломж бүрдэнэ.

Үүнээс гадна аудитын салбарт тулгамдаж буй асуудлыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр судлан шийдвэрлэх, эрдэмтэн судлаачид, салбарын мэргэжилтнүүдийн хамтын оролцоог нэмэгдүүлэх, хууль тогтоомжийн хүрээнд мэдээлэл, өгөгдлийг харилцан солилцож, хамтран ашиглах тогтолцоог бүрдүүлэхээр талууд санал нэгдэв.

МУИС нь төр, хувийн хэвшлийн болон төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодтой тогтоосон түншлэлээ өргөжүүлж, сургалт, судалгаа, инновацыг салбарын бодит хэрэгцээтэй уялдуулан хөгжүүлэх стратеги бодлогоо тууштай хэрэгжүүлж байна. Үндэсний аудитын газартай байгуулсан энэхүү хамтын ажиллагаа нь төрийн аудитын салбарын хүний нөөцийн хөгжил, шинжлэх ухаанд суурилсан судалгаа, инновацыг дэмжих, их сургууль–төрийн байгууллагын хамтын ажиллагааны үр өгөөжийг нэмэгдүүлэх чухал алхам боллоо.

 

ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГАЗАР

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар