Хайж байна...

Эмгэнэл | Донжингийн Чогсом /1935-2026 он/

Share Button

ЭМГЭНЭЛ

Донжин овогтой Чогсом

(1935-2026 он)

МУИС-ийн Цаг уур, ус судлалын тэнхимийн ахмад багш, МУИС-ийн хүндэт профессор Донжин овогтой Чогсом нь тэнгэрийн орондоо одож, Монгол Улсын цаг уурын салбарт нөхөж баршгүй гарз тохиолоо.

Д.Чогсом нь 1935 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр Говь-Алтай аймгийн Төгрөг сумын нутагт Донжингийн гуравдугаар хүү болон мэндэлжээ. Тэрээр 1959 онд МУИС-ийн “Физикч-Цаг уурын инженер” мэргэжлийг эзэмшсэн цаг үеэс эхлэн өөрийн бие сэтгэлээ тус салбарын боловсрол, шинжлэх ухааны хөгжилд бүрэн дүүрэн зориулж ирсэн МУИС-ийн бахархал, ирээдүй хойчийн түүчээ болсон ахмад багшийн нэг байсан юм.

1959-1965 онд Ус, цаг уурын хороонд инженер, 1965-2013 онд МУИС-ийн багш, дэд профессор, тэнхимийн эрхлэгч зэрэг ажлуудыг нөр их зүтгэл гарган, ачаалал өндөртэй ажлуудыг амжилттайгаар гүйцэтгэж иржээ.

Д.Чогсом нь 1995 онд дэд профессор, 2012 онд МУИС-ийн Хүндэт профессор цолыг хүртсэн юм.

Тэрээр улсад тасралтгүй 54 жил ажилласны 6 жилд нь Ус, цаг уурын хороонд инженер бусад 48 жил МУИС-д багшлахдаа Цаг уурын болон бусад мэргэжлийн ангид Синоптик цаг уур, Нислэгийн цаг уур, Удаан хугацааны урьдчилан мэдээлэх цаг уур, Тооцон бодох техник ба программчлал, Динамик цаг уур, Ерөнхий цаг уур, Гидродинамик, Цаг агаарын тоон прогнозын арга тоон анализ, Цаг агаарын прогнозын статистик магадлалын арга, Агаар мандлын процесст зохиомлоор үйлчлэх, Гидромеханик, Цаг уур, уур амьсгал, Агаар мандлын экологи, Агаар мандлын оптик, Агаар мандлын динамик зэрэг олон тооны хичээлийг зааж байлаа. Мөн ахисан түвшний сургалтад оролцон Агаар мандлын хязгаарын үе давхаргын физик, Турбулентийн онол, Цаг уурт хэрэглэгдэх математик аргууд зэрэг хичээлүүдийг зааж байлаа.

Д.Чогсом нь Оросын холбооны улсын Санкт-Петербург хотын Ус, цаг уурын их сургууль, Эрхүүгийн их сургуулийн Газарзүйн факультеттэй хамтран ажиллахад гар бие оролцон цаг уурын салбарын оюутнуудын “Ерөнхий цаг уур”, “Синоптик болон нислэгийн цаг уур” хичээлийн үйлдвэрлэлийн дадлага хийлгэж, эрдэмтэн багш нар урин ирүүлэх, багш нарыг явуулж мэргэжил дээшлүүлэх, ном сурах бичиг солилцох зэрэг ажлуудыг тэнхимийн эрхлэгч байх хугацаандаа санаачлан хийлгэж байсан байна. Мөн Эрхүүгийн их сургуулийн профессор, багш нартай хамтран эрдэм шинжилгээний олон арван өгүүллийг бичиж нийтлүүлсэн юм.

Д.Чогсом Санкт-Петербург хотын Ус, цаг уурын их сургуульд 1974-1975 оны хичээлийн жилд доктор, профессор Л.С.Гандин, Л.И.Юдин нарыг дагалдаж тоон прогноз ба тоон анализ, Цаг агаарын гидродинамик загварчлалын шинэ арга технологийг, 1990-1991 оны хичээлийн жилд мөн их сургуульд профессор Л.Т.Матвеев, Б.Д.Панин нарыг дагалдаж Агаар мандлын физик, Цаг агаарын тоон прогнозын орчин үеийн дэвшилтэд шинэ арга, технологид мэргэшин улмаар энэхүү дэвшилтэд арга технологуудыг сургалтын хөтөлбөрт оруулсан зэргээр сургалтыг шинэ шатанд гаргаж, өнөөгийн шаардлага хангасан Цаг уурын дээд боловсролтой мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, тэдний мэдлэг, ур чадварыг дээшлүүлэхэд үргэлж санаачилга гарган ажиллаж байдаг эрдэмтэн багш байлаа.

Багшлах хугацаандаа физикийн мэргэжлийн бус ангиудын оюутнуудад зориулсан “Физик” сурах бичгийн хамтран зохиогчоор, Цаг уурын мэргэжлийн ангийн үндсэн сурах бичиг болох “Ерөнхий цаг уур /Агаар мандлын физик/” бүтээлийг дангаар бичсэн бол “Аэрологи ба радио цаг уурын лабораторийн хичээлийн гарын авлага”, ”Цаг уур, уур амьсгалын практикум” бүтээлүүдийг хянан тохиолдуулсан нь өнөөдрийг хүртэл сургалтанд өргөн хэрэглэж байна.

Д.Чогсом сургалтын ажлын зэрэгцээ Mонгол Улсын нутаг дэвсгэрт зудын сүдалгаа, хүчтэй салхи, их бороо прогнозлох, Монгол Улсын нутаг дээрх циклогенези түүнийг урьдчилан мэдээлэхэд математик статистик арга ба мэргэжилтний системийн арга ашиглах, агаарын бохирдол, томоохон хотуудын агаарын бохирдлыг прогнозлох чиглэлүүдээр эрдэм шинжилгээний ажил тасралтгүй хийж, эрдэм шинжилгээний бага хуралд 20 орчим илтгэл тавьж хэлэлцүүлэн, 30 гаруй эрдэм шинжилгээний өгүүлэл бичиж хэвлүүлсэн. Мөн хүчтэй салхийг урьдчилан мэдээлэх, циклоны үүсэл хөгжлийг урьдчилан мэдээлэх зэрэг 5 шинэ бүтээлийг үйлдвэрлэлд нэвтрүүлсэн байна. Түүний хэвлүүлсэн өгүүллээс МУИС-ийн эрдэм шинжилгээний бичигт хэвлэгдсэн “БНМАУ-ын нутаг дээр үүсдэг циклоны судалгаа” сэдэвт эрдэм шинжилгээний өгүүлэл нь Монгол орны ус, цаг уурын эрдэмтэд, мэргэжилтнүүдийн гадаад, дотоодын эрдэм шинжилгээний бүтээл, ном, эмхэтгэлүүдэд хэвлэгдсэн эрдэм шинжилгээний бүтээлүүдээс өнөөг хүртэл онол, үйлдвэрлэлийн ач холбогдолоо алдаагүй шилдгийн шилдэг 27 бүтээлийн нэгд тооцогдон 2006 онд Байгаль орчны яамны Ус, цаг уурын хүрээлэнгийн эрдмийн зөвлөлийн хуралдаанаар сайшаагдан шалгарч тус хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тусгай дугаарт дахин хэвлэгдсэн юм.

Хүндэт профессор Д.Чогсомын хөдөлмөр бүтээлийг төр засгаас өндрөөр үнэлж Засгийн газар, яам агентлагуудын жуух бичиг, “Ус, цаг уурын тэргүүний ажилтан” (1976), “Боловсролын тэргүүний ажилтан” (1992), “Байгаль орчны тэргүүний ажилтан” (2002) цол тэмдэг, “Хөдөлмөрийн хүндэт” медаль (1995), “Алтан гадас” одон (2003) болон ойн медалиудаар тус тус шагнаж байжээ.

Тэрээр хүнлэг энэрэнгүй сэтгэлтэй, эгэл даруу, шулуун шударга зантай, шавь нартаа үлгэр дуурайлал болсон, салбартаа болон нутаг усандаа нэр хүндтэй, бахархал дүүрэн хүн байлаа.

МУИС-ийн ахмад багш, МУИС-ийн Хүндэт профессор Донжингийн Чогсом таны Монгол Улсын дээд боловсролын салбарт оруулсан гавьяа, зүтгэл, шударга зарчимч, хөдөлмөрч зан чанар, эгэл даруу гэгээн дүр бид бүхний сэтгэл зүрхэнд мөнхрөн үлдэх болно.

Талийгаачийн гэр бүл, үр хүүхэд, найз нөхөд, шавь нарт нь гүн эмгэнэл илэрхийлье!

 

МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар