ЭМГЭНЭЛ

ЖАМБЫН БЯМБА
(1940-2026)
Монгол Улсын Төрийн шагналт, Шинжлэх ухааны доктор (ScD), геологийн салбарын удирдагчдын нэг, МУИС-ийн ахмад багш, профессор Жамбын Бямба 2026 оны 10 сарын 19-ний өдөр хүнд өвчний улмаас таалал төгсөж, Монголын геологи, боловсрол, шинжлэх ухааны салбарт хүнд гарз тохиолоо.
Ж.Бямба 1940 онд Баянхонгор аймгийн Богд сум (хуучнаар Сайн ноён хан аймгийн Ламын гэгээний хошуу)-ын нутаг, Жаран Богдын өвөрт малчин ардын гэр бүлд төржээ. Тэрээр бага насаа эцэг эхийн гар дээр өнгөрүүлсэн бөгөөд орон нутгийн бага сургууль болон Баянхонгор аймгийн төвийн 10 жилийн дунд сургуулийг төгсжээ. Улмаар ЗХУ (хуучнаар)-ын Москва хотын Геологи, Хайгуулын Дээд Сургуульд элсэн суралцсан байна. Ж.Бямба нь дээд сургуулиа 1965 онд Геологич мэргэжлээр төгссөнөөс хойш бүхий л ухамсарт амьдралаа Монголын геологийн салбарыг хөгжүүлэх, хойч үеийг бэлтгэх, соён гэгээрүүлэх их үйлсэд зориулжээ.
Геологич Ж.Бямба нь 1965-1966 онд Мөрөнгийн 1:200000 масштабын зураглалын ангид геологич, 1966-1968 онд ТЭХГУУҮЯ-ы Геологи шинжилгээний газарт мэргэжилтэн, хэлтсийн дарга, 1968-1972 онд Москва дахь ЭЗХТЗ-ийн Байнгын төлөөлөгчийн газарт референт, 1972-1976 онд ТЭХГУУЯ-ы ерөнхий геологич, Геологи, хайгуулын газрын дарга, 1976-1980 онд Олон улсын геологийн экспедицийн дарга, 1980-1988 онд ГУУҮЭШИ-д региональ геологийн секторын эрхлэгч, 1988-1992 онд БНМАУ-аас ЭЗХТЗ-д суугаа Байнгын төлөөлөгчийн орлогч, 1992 онд Геологи эрдэс баялгийн хүрээлэнгийн орлогч захирал, 1992-1993 онд Монголын геологийн албаны ерөнхий захирал, 1993-1994 онд Баянголын алтны уурхайн захирал, 1995 оноос гавьяаны амралтад гарах хүртлээ МУИС-д профессор багшаар ажилласан юм.
ЭЗХТЗ-д ажиллаж байх үедээ түүний анх санаачилж, зүтгэж, хөөцөлдсөний үр дүнд Монгол Улсад Олон улсын геологийн экспедицийг 1976 онд байгуулсан нь тухайн үеийн ханшаар 90-ээд сая ам. долларын хөрөнгө оруулалтыг татаж, Монгол Улсын 200-аад мянган км кв. газар нутагт Герман, Болгар, Чех, Польш, Унгар зэрэг олон улсын геологичид зураглал, ерөнхий эрлийн ажлыг тухайн үеийн тэргүүний арга аргачлалаар гүйцэтгэсэн бөгөөд түүний үр дүнд төрөл бүрийн ашигт малтмалын олон арван орд газрыг нээж, хэдэн зуун илрэлийг илрүүлсэн нь өнөөдрийн Монгол Улсын Эрдэс баялгийн салбарын нэг суурь болж байна.
Ж.Бямба нь ЗХУ-ын Москва хотод 1972 онд дэд эрдэмтэн, 1991 онд ШУ-ны докторын зэрэг хамгаалсан бөгөөд түүний эрдмийн зэрэг горилсон бүтээл нь Хөвсгөлийн Мөрөнгийн дүүрэгт шинээр фосфоритын ордыг нээн илрүүлэх шинжлэх ухааны урьдчилсан дүгнэлт болсон юм.
ШУ-ны доктор Ж.Бямба нь Монголын орны геологийн тогтцын талаар нэг сэдэвт бүтээл, эрдэм шинжилгээний өгүүлэл, хураангуй болон зураг 160 гаруйг туурвисан нь Англи, Герман, Чех, Польш, Болгар, Орос, Монгол хэл дээр нийтлэгдэн Америкийн конгрессын номын санд тавигдсан байдаг. Түүний туурвисан эдгээр бүтээлүүдийг Монголын болон дэлхийн геологичид өөрсдийн судалгааны суурь болгон ашигласаар байна. Түүний бүтээлүүдээс дэлхийн хэмжээнд 800 орчим удаа эшилжээ.
Ж.Бямба санаачлан, ерөнхий редактораар ажилласан “Монголын геологи, ашигт малтмал” 8 боть бүтээлд Монгол Улсын Төрийн шагнал хүртээсэн бол түүний туурвисан “Древние структуры Монголии и их фосфоритоносность” нэг сэдэвт бүтээл Японы Кириямагийн нэрэмжит шагналыг тус тус хүртсэн. Мөн түүний бичсэн олон сурах бичиг, гарын авлагуудаас геотектоник, стратиграфи, далайн геологийн сурах бичгүүдийг МУИС зохиогчийн эрхтэйгээр хэвлэдэг нь үе үеийн оюутнуудын хэрэглэж байгаа гол сурах бичиг болон ашиглагдаж байна. Тэрээр МУИС-д багшилж байх хугацаандаа Бээжингийн Их Сургуультай оюутан солилцон хээрийн дадлага хийх ажлыг санаачлан хэрэгжүүлж, Геологийн асуудлууд сэтгүүлийг эрхлэн гаргаж, хэд хэдэн томоохон төслийг амжилттай удирдан хэрэгжүүлсэн юм.
Профессор Ж.Бямба багшлах хугацаандаа олон зуун оюутны эрдэм шинжилгээний ажлын удирдагч, хөтөч байсан юм. Түүний удирдсан бакалавр, магистр, докторын зэрэгтэй судлаачид одоо Монголын геологийн голлох судалгааг гүйцэтгэж байна.
Ж.Бямба нь геологийн салбарын нэрт эрдэмтэн, сурган хүмүүжүүлэгч, зохион байгуулагчаас гадна урлаг, уран зохиолын авьяастан байлаа. Тэрээр МУЭ-ийн гишүүн, уран зураг цуглуулагч байсан бөгөөд өөрийн цуглуулгаар 2000, 2019 онуудад “Монголын сайхан орон” бие даасан уран зургийн үзэсгэлэн гаргаж байлаа. Мөн “Хоёр үнэний хооронд” намтарчилсан туужийн ном, “Дурсамж, мөрөөдөл дуудаж байна” геологичийн ажил, амьдралын тэмдэглэл, “Жардугаар уртрагаар” яруу найргийн ном туурвин залуу хойч үеэ соён гэгээрүүлэх ажилд зүтгэж байсан юм.
Ж.Бямбын хөдөлмөр, зүтгэлийг үнэлж 2018 онд Монгол Улсын Төрийн шагнал, 2009 онд Сүхбаатарын одон хүртээснээс гадна боловсрол, шинжлэх ухаан, геологийн салбарын тэргүүний ажилтан, ойн медалиудаар шагнажээ. Тэрээр мөн ЗХУ, Чехословак улсуудын Тэргүүний геологич байсан. Түүний шинжлэх ухаан, боловсролд оролцсон зүтгэлийг үнэлэн ОХУ-ын Байгалийн ШУА-ийн Академич, ШУТИС-ийн Хүндэт Профессор цол хэргэм хүртээжээ.
Таны Монголын геологийн салбарын хөгжил, шинжлэх ухаан, боловсролд зүтгэсэн зүтгэл, үлдээсэн эрдмийн өв, үнэт сургаалыг хамтран зүтгэгчид, шавь нар бид үүрд дурсан санаж байх болно.
МУИС-ИЙН БУС-ЫН ГЕОЛОГИ, ГЕОФИЗИКИЙН ТЭНХИМ
Улаанбаатар хот
2026.10.20

