МУИС-ийн Газарзүйн салбар үүсэн байгуулагдсаны түүхт 70 жилийн ойд зориулан “Газарзүйн салбар 70 жил” эмхэтгэлийг хэвлүүлэн гаргалаа. Уг эмхэтгэлийг газарзүйн ухааны доктор Э.Алтанболд эмхэтгэн хэвлүүлж, газарзүйн ухааны доктор, профессор В.Батцэнгэл, газарзүйн ухааны доктор, дэд профессор Д.Энхжаргал нар хянан тохиолдуулсан байна.
МУИС-ийн Газарзүйн салбар нь 1956 онд байгуулагдсан бөгөөд Монгол Улсын газарзүйн шинжлэх ухаан, боловсролын хөгжилд үе үеийн эрдэмтэн багш, судлаачид, төгсөгчдийн оруулсан хувь нэмрийг хүндэтгэн дурсах, тэдний бүтээлч хөдөлмөр, ололт амжилтыг хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилготой бичигджээ. Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын газарзүйн шинжлэх ухаан, дээд боловсрол, байгаль орчин, нийгэм, эдийн засаг, нутаг дэвсгэрийн орон зайн судалгаа, сургалтад үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн 3500 орчим мэргэжилтэн, судлаачдыг тус салбар бэлтгэн гаргасан байна.


Энэхүү бүтээлд МУИС-ийн Газарзүйн салбарын 1956–2026 оны түүхэн хөгжил, сургалт, эрдэм шинжилгээ, хамтын ажиллагааны ололт амжилт, үе үеийн багш, судлаачид, төгсөгчдийн хувь нэмрийг нэгтгэн тусгасан бөгөөд салбарын 70 жилийн хөгжлийн замналыг баримтжуулсан түүх, сургалт, эрдэм шинжилгээ, танин мэдэхүйн ач холбогдолтой бүтээл болжээ.
“Газарзүйн салбар 70 жил” бүтээлийг агуулгыг дараах pdf холбоосоор нэвтэрч сонирхох боломжтой бөгөөд бүтэн эхээр нь МУИС-ийн номын сан, Үндэсний Төв номын сангийн уншлагын танхимаас захиалан үзэх боломжтой.

