Хайж байна...

“Газарзүйн мэдээллийн систем, зайнаас тандан судлалын орчин үеийн шинэ технологи, шинэ шийдэл – 2026” сэдэвт оюутны эрдэм шинжилгээний хурал зохион байгууллаа

Share Button

Олон улсын Газарзүйн мэдээллийн системийн (GIS Day) өдрийг тохиолдуулан МУИС-ийн ШУС-ийн БУС-ын Газарзүйн тэнхимийн Зайнаас тандан судлал (ЗТС), Газарзүйн мэдээллийн систем (ГМС)-ийн профессорын баг, ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн ГМС–Зурагзүйн салбар, Зайнаас тандан судлал, ГМС-ийн судалгааны лаборатори хамтран “Газарзүйн мэдээллийн систем, зайнаас тандан судлалын орчин үеийн шинэ технологи, шинэ шийдэл – 2026” сэдэвт оюутны эрдэм шинжилгээний хурлыг зохион байгууллаа.

Хурал 2026 оны 11 дүгээр сарын 18-ний өдөр 09:00 цагт, МУИС-ийн номын сангийн 502 танхимд амжилттай болж өнгөрөв. Дөрөв дэх жилдээ зохион байгуулагдаж буй энэхүү хурал нь оюутан залуусын оролцоо нэмэгдсэнээрээ түүнчлэн тэдний судалгааны хүрээ өргөжиж танилцуулж буй үр дүн сайжирснаараа онцлог байв.

Энэ удаагийн хурлаар нийт 12 илтгэлийг хэлэлцүүлж, орчин үеийн ГМС болон зайнаас тандан судлалын шинэ арга, технологи, судалгааны чиг хандлагын талаар өргөн хүрээнд санал солилцов.

ШУА-ийн Газарзүй-Геоэкологийн хүрээлэнгийн Газарзүйн мэдээллийн систем, зурагзүйн салбарын эрдэм шинжилгээний ахлах мэргэжилтэн А.Золзаяа “Төмөр боловсруулах үйлдвэрийн тохиромжтой байдлын үнэлгээнд мэдрэмжийн шинжилгээний анализ хийсэн үр дүн” сэдвээр, мөн тус хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан О.Ерөөлт “Газрын бүрхэвчийн ангилал хийх зайнаас тандан судлалын технологи” сэдвээр, МУИС ШУС-ийн Газарзүйн тэнхимийн докторант Нарсуу “Монгол орны зүүн бүс дэх хээрийн түймрийн эрсдэлийн үнэлгээ, ургамалжилт-хуурайшлын индексэд суурилсан шинжилгээ” сэдвээр тус тус өөрсдийн судалгаа шинжилгээний ажлаараа оюутан залууст илтгэл танилцууллаа.

 

Мөн “Газарзүйн мэдээллийн систем,зайнаас тандан судлалын орчин үеийн шинэ технологи, шинэ шийдэл-2026” сэдэвт оюутны эрдэм шинжилгээний хуралд дараах оюутнууд өөрсдийн хийсэн судалгаагаараа шалгарлаа.

Хот бүс нутаг судлалын III түвшний оюутан Б.Олуйхан “Улаанбаатар хотын өвлийн no2 ба co-ийн орон зай, цаг хугацааны тархалт: sentinel-5p, era5 ба адвекц-диффузийн загварт суурилсан үнэлгээ” сэдвээр Тэргүүн байр,

Байгаль орчныг зайнаас тандан судлалын III түвшний оюутан А.Ариунсанаа, МУИС, Шинжлэх ухааны сургууль, Физикийн тэнхимийн оюутан М.Саруулбилиг нар “Олон эх сурвалжийн зайнаас тандан судлалын өгөгдөл болон машин сургалтын аргад суурилсан уул уурхайн бүс нутгийн шороон шуурганы эрсдэлийн орон зайн загварчлал” сэдвээр дэд байр

Байгаль орчныг зайнаас тандан судлалын IV түвшний оюутан Л.Амин-Эрдэнэ “Олон эх үүсвэрийн гео-орон зайн өгөгдөл болон geoai аргаар Монгол орны хаврын шороон шуурга үүсэх магадлалыг зураглах нь” сэдвээр гутгаар байрыг тус тус эзэллээ.

Энэхүү хуралд илтгэлээ амжилттай ирүүлж, идэвхтэй хэлэлцүүлсэн нийт оюутнууд та бүхэнд сурлага, хөдөлмөрийн өндөр амжилт гаргахыг хүсэн өргөе. Ирээдүйн судалгааны ажил тань улам өрнөн дэлгэрч, шинэ мэдлэг, шилдэг бүтээлээр арвин байг.

МУИС-ийн ШУС-ийн Газарзүйн тэнхим

Зайнаас тандан судлал, Газарзүйн мэдээллийн системийн

судалгааны лаборатори (GEO-iLAB)

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар