Хайж байна...

МУИС-ийн эрдэм шинжилгээний бүтээлийн шилдгүүд тодорлоо

Share Button

Монгол Улсын Их Сургууль Шинжлэх ухааны ажилтны өдрийг тохиолдуулан олон улсын эрдэм шинжилгээний өндөр чанартай сэтгүүлд судалгааны үр дүнгээ хэвлүүлсэн шилдэг судлаачдаа алдаршуулах “Publication Excellence Award–2026” хүндэтгэлийн үйл ажиллагаа зохион байгууллаа.

Тус үйл ажиллагаа нь МУИС-ийн эрдэмтэн, судлаачдын судалгааны үр дүн, эрдмийн бүтээлийн амжилтыг үнэлж, олон улсын академик орчинд хүлээн зөвшөөрөгдсөн судлаачдын хөдөлмөрийг олон нийтэд таниулан алдаршуулах зорилготой бөгөөд 2013–2014 оны хичээлийн жилээс эхлэн зохион байгуулж байгаа юм.

Үйл ажиллагааг нээж МУИС-ийн ректор, профессор Б.Очирхуяг “Эрдэм шинжилгээний бүтээл нь их сургуулийн нэр хүнд, олон улсад өрсөлдөх чадвар, нийгэмд үзүүлэх нөлөөллийг тодорхойлох чухал үзүүлэлт юм. Иймээс МУИС цаашид судалгааны орчныг улам сайжруулах, залуу судлаачдыг дэмжих, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, дэлхийн түвшний судалгааг хөгжүүлэхэд тууштай анхаарч ажиллана” гээд шагнал хүртэж буй багш, судлаачдадаа баяр хүргэж амжилт хүсэв.

МУИС-ийн Судалгаа, хамтын ажиллагаа эрхэлсэн проректор Ц.Баатарчулуун “МУИС-ийн судалгааны бодлогын хэрэгжилт, үр дүнгийн хамаарал, цаашдын чиг хандлага” сэдэвт илтгэл танилцууллаа.

2025–2026 оны хичээлийн жилд МУИС-ийн эрдэмтэн, судлаачид Web of Science мэдээллийн санд бүртгэлтэй сэтгүүлд 200, Scopus мэдээллийн санд бүртгэлтэй сэтгүүлд 186 эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлүүлсэн нь судалгааны идэвх, олон улсын эрдэм шинжилгээний хамтын ажиллагаа, бүтээлийн чанар тасралтгүй өсөн нэмэгдэж байгааг харуулж байна.

Энэ хичээлийн жилээс МУИС судалгааны үнэлгээ, урамшууллын тогтолцоондоо томоохон шинэчлэл хийж, бүтээлийн тооноос илүү чанар, олон улсын нөлөөллийг эрхэмлэх бодлогыг хэрэгжүүлж эхэллээ. Өмнө нь хэвлүүлсэн өгүүллийн тоог голчлон үнэлдэг байсан бол энэ удаа Web of Science болон Scopus мэдээллийн санд бүртгэлтэй сэтгүүлүүдийн чанар, нөлөөллийг илэрхийлдэг Q1–Q4 квартилын ангилалд суурилсан үнэлгээний тогтолцоонд шилжиж байна.

МУИС-ийн Математикийн тэнхимийн профессор З.Ууганбаяр олон улсын нэр хүндтэй Fractional Calculus and Applied Analysis сэтгүүлд (Journal Impact Factor Percentile: 97.3) холбоо баригч зохиогчоор хэвлүүлсэн “Solutions of Time Fractional Anomalous Diffusion Equations with Coefficients Depending on Both Time and Space Variables” бүтээлээрээ энэ жилийн хамгийн өндөр нөлөөтэй бүтээлийн эзнээр тодорлоо.

“Publication Excellence Award–2026” нь зөвхөн судлаачдын гаргасан амжилтыг үнэлэн урамшуулаад зогсохгүй, МУИС-ийн судалгааны чанар, академик нэр хүндийг олон улсын түвшинд бэхжүүлэх, судалгаанд чиглэсэн нөөц, санхүүжилтийн үр өгөөжийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо.

Мөн үйл ажиллагааны үеэр Шинжлэх ухааны тэргүүний ажилтан, Эдийн засаг, хөгжлийн яамны Жуух бичгээр зарим багш, ажилтнуудыг шагнасныг гардуулан өгсөн юм.

№ Овог нэр БС. Тэнхим Албан тушаал Шагнал
1 Даваа Лхагвасүрэн ШУС -БУС Биологийн тэнхим Профессор Шинжлэх ухааны тэргүүний ажилтан
2 Бат-Орших Эрдэнэцогт ШУС -БУС Геологи геофизикийн тэнхим Профессор Шинжлэх ухааны тэргүүний ажилтан
3 Содном Оюунгэрэл ШУС -БУС Геологи геофизикийн тэнхим Дэд профессор Шинжлэх ухааны тэргүүний ажилтан
4 Норов Байгалмаа ШУС -БУС Геологи геофизикийн тэнхим Дэд профессор Шинжлэх ухааны тэргүүний ажилтан
5 Дашдондог Нарангарвуу ШУС -БУС Биологийн тэнхим Тэнхимийн эрхлэгч,

Дэд профессор

Шинжлэх ухааны тэргүүний ажилтан
6 Ганболд Эрдэнэ-Очир ШУС-БУС-Физикийн тэнхим Дэд профессор Шинжлэх ухааны тэргүүний ажилтан
7 Төөгөө Энхдөл Инженер технологийн сургуулийн Хүрээлэн буй орчин, ойн инженерчлэлийн тэнхим Дэд профессор Шинжлэх ухааны тэргүүний ажилтан
8 Жамсранжав Даваадулам ШУС-Математикийн тэнхим Дэд профессор Шинжлэх ухааны тэргүүний ажилтан
9 Амаржаргал Цэндсүрэн Цөмийн шинжлэх ухаан технологийн үндэсний хүрээлэн Цөмийн эрчим хүч, технологийн салбарын эрдэм шинжилгээний ахлах ажилтан, доктор Эдийн засаг, хөгжлийн яамны “Жуух бичиг”
10 Нэргүй Отгонпүрэв Цөмийн шинжлэх ухаан технологийн үндэсний хүрээлэн Цөмийн шинжилгээний лабораторийн эрдэм шинжилгээний дэд ажилтан Эдийн засаг, хөгжлийн яамны “Жуух бичиг”
11 Чинзориг Сайханбаяр Цөмийн шинжлэх ухаан технологийн үндэсний хүрээлэн Цөмийн шинжилгээний лабораторийн эрдэм шинжилгээний дэд ажилтан Эдийн засаг, хөгжлийн яамны “Жуух бичиг”
12 Нанхир Батцоож Цөмийн шинжлэх ухаан технологийн үндэсний хүрээлэн Цөмийн өгөгдөлзүйн салбарын эрхлэгч, эрдэм шинжилгээний дэд ажилтан Эдийн засаг, хөгжлийн яамны “Жуух бичиг”

Үйл ажиллагааны зургийг ЭНД дарж үзнэ үү.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар