Газарзүй Геологийн сургуулийн Хот төлөвлөлт, газар зохион байгуулалтын тэнхимийн нээлттэй хаалганы өдөрлөг МУИС-ийн хичээлийн 7-р байранд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.
Өдөрлөгийн хүрээнд зохион байгуулсан бүтээлийн үзэсгэлэнд тэнхимийн багш нарын ном, сурах бичиг, үйлдвэрлэлд шилжүүлсэн ажлууд болох 100 гаруй бүтээл тавигдсан бөгөөд тэдгээрээс онцлон дурьдвал “Улаанбаатар хотын 2025 он хүртэлх газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний тодотгол“, “Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, хөгжлийн чиг хандлага” 4 боть тайлан, “Гашуун сухайт” хилийн боомтын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, “Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх онгоцны буудлыг даган хөгжих 100000 оршин суугчидтай дагуул хотын төлөвлөлт” зэрэг үйлдвэрлэлд шилжүүлсэн бүтээлүүд тавигдсан нь өдөрлөгт оролцогчдоос өндөр үнэлэлт авч байсан юм.
Мөн геодезийн хэмжилтийн багажууд болох 2 долгионы суурин GPS PENTAX G-3100R, 1 долгионы суурин GPS TrimbleR3, Электрон тахеометр PENTAX R-422N зэрэг багажуудыг нээлтэй өдөрлөгийнхөө хүрээнд танилцуулсан нь мэргэжлийн оюутнуудын болоод өдөрлөгт оролцож буй хүмүүсийн сонирхлыг ихэд татаж байлаа.
Өдөрлөгт МУИС-ийн багш, оюутнууд ерөнхий боловсролын сургуулийн сурагчид нийлсэн 500 орчим хүн оролцсон юм. Хот төлөвлөлт газар зохион байгуулалтын тэнхимийн нээлттэй хаалганы өдөрлөгийн зохион байгуулахад идэвхтэй оролцсон нийт багш нар болон Газрын кадастр-4, Газрын зохион байгуулалт-4, Хот ба бүс нутаг төлөвлөлтийн 4-р ангийнхандаа талархал илэрхийлье.