БШУЯ-ны сайд Л.Гантөмөр өчигдөр МУИС-ийн оюутнуудтай уулзаж дээд боловсролын салбарт хийж эхэлсэн шинэчлэлийн бодлогоо танилцууллаа. Тэрээр боловсролын салбарт гурван чиглэлээр шинэчлэл хийхээр төлөвлөн ажлаа эхлүүлсэн тухайгаа онцолж байсан юм.
Хүүхдэд өгөх мэдлэгийг зөвхөн багш өгдөг бус хүүхэд бүрийг өөр өөрийнх нь оролцоонд тулгуурлан мэдлэг өгдөг байх арга барилд шилжүүлж байна. Энэ хүрээнд Авьяас хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ. Харин багш нарын хувьд тухайн хичээлээ заахад нь хатуу хөтөлбөр шаардаж, түүнийгээ шалгаж хянадаг хуучин арга барилаас татгалзаж, мэргэжлийн дипломоо өвөртөлсөн багшид “итгэл үзүүлэх” болно гэсэн юм. Мөн аливаа мэдлэгийг суралцагчдын гарт нь олгохын тулд бие даан суралцах, өөрөө хийж үзэх, туршиж байж илүү ойлгож мэдэх боломжийг олгохын тулд голлон анхаарч үйл ажиллагаануудаа чиглүүлж байна. Дээд боловсролын шинэчлэлийн хүрээнд хийх өөр нэг чухал зүйл бол их дээд сургуулиудыг зөвхөн оюутны сургалтын төлбөрт түшиж оршин тогтож ирснийг өөрчлөх хэрэгтэй. Ингэхдээ мэргжлийн үйл ажиллагаагаа өргөжүүлж, дэргэдээ судалгаа, зөвлөгөөний төв болон бусад нийгэмд шаардлагатай үйлчилгээнүүдийг бизнесийн утгаар хөгжүүлэх боломжийг нь бий болгоно гэлээ.
Уулзалтын төгсгөлд оюутнууд сонирхсон болон өөрсдөд тулгарсан асуудлынхаа талаар сайдаас асууж хариулт авсан юм.