МУИС-ийн Оюутанд үйлчлэх төвөөс оюутны бүжгийн багийг бэлтгэн 2013 оны 7 дугаар сарын 03-21-ний өдрүүдэд БНСУ-д зохион байгуулагдсан “Олон улсын залуучуудын чуулган”-нд Монгол улсаа төлөөлөн амжилттайгаар оролцож, бүжгийн тэмцээний төрөлд 3-р байранд шалгарч цом, мөнгөн шагналаар шагнуулахын зэрэгцээ эх орон улс үндэстний баялаг өв соёлыг амжилттай сурталчилаад ирлээ.
Уг чуулган нь 1995 оноос хойш тасралтгүйгээр дэлхийн олон оронд уламжлал болон зохион байгуулагддаг бөгөөд анх АНУ-ын залуучуудын байгууллагын санаачлага, дэмжлэгтэйгээр амжилттай зохиогджээ. Өдгөө уг чуулганыг Засгийн Газар, хувийн хэвшлийн нэр хүндтэй байгууллагууд ивээн тэтгэдэг бөгөөд дэлхийн 50 гаруй орны 4000 гаруй оюутан залуус 2 долоо хоногийн туршид төрөл бүрийн хөтөлбөрт хамрагдаж хэл, соёлын ялгааг харгалзахгүйгээр нөхөрлөн, бие биеэсээ суралцан, чөлөөтэй харилцаж, уг чуулганд оролцохоор ирсэн олон орны Залуучуудын хөгжлийн асуудал эрхэлсэн сайд нартай уулзаж, залуучуудын өмнө тулгамдсан асуудал, шийдэх гарцийн талаар хэлэлцэн дэлхийн шилдэг удирдагчид болоход бэлтгэгддэг юм.
Тус чуулганд бүжгийн төрлөөр 17 баг оролцсон бөгөөд монголын бүжгийн агуулга, шийдэл, үндэсний бүжгийг орчин үетэй холбосон нь өвөрмөц байж үзэгчдийн болон шүүгчдийн таашаалд нийцэн 3 байрт шалгарсан билээ. Оролцогчид тус тусын үндэсний онцлогийг харуулсан бүжгээр оролцож 50 гаруй орноос цугларсан төлөөлөгчдөд эх орноо сурталчлан, бусад орны залуучуудтай өрсөлдсөн бөгөөд байр эзлэн амжилттай оролцсон багийн бүжгийг чуулганы нээлт, хаалтын хүндэтгэлийн арга хэмжээнд Солонгосын алдартай урлагийн тоглолтын хамт оролцууллаа. Африк, Тайланд, Энэтхэг, Хятад, Украйн зэрэг хүчтэй багуудтай өрсөлдсөн ч Монголын бүжгийн баг бүжгийн утга санаа, нарийн хөдөлгөөнтэй дэглэлтээрээ тэргүүлсэн юм. Бүжгийн өвөрмөц шийдэл, хөдөлгөөнийг харуулсан бүжгийн үзүүлбэрээ БНСУ-ын Бусан, Дэжон, Дэгү, Гуанжу, Сөүл, Еэсан зэрэг томоохон хотуудын хүндтэй тайзнаа олон орны алдартай хүмүүстэй хамт амжилттай аялан тоглож тус хотын оршин суугчдад Монгол бүжгийн гайхамшгийг сонирхууллаа.
Соёлын биет бус өвийг түгээн дэлгэрүүлэх төр засгийн бодлогын хэрэгжүүлэлтэд хувь нэмэр оруулах, оюутан залуусаар дамжуулан эх орон улс үндэстний баялаг өв соёлыг сурталчлах, дэлгэрүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулсан оюутан залуустаа талархал илэрхийлэн, цаашдын сурлага хөдөлмөрт өндөр амжилт хүсье.